Бодол санаа зайд дамжих ер бусын үзэгдлүүд

1882 онд Лондон хотноо сэтгэхүйн судалгааны нийгэмлэг үндэслэн байгуулагдсан цагаас бодол санаа зайд дамжих үзэгдлийг бүртгэх явдал эхэлжээ. Ер нь туршин шинжлэх ажилд Английн физикч Барет 1876-онд Британийн эрдэмтдийн холбооны хуралд «Бодол шууд дамжих нь» гэдэг илтгэл тавьж хэлэлцүүлсэн явдал ихээхэн түлхэц болжээ.

Хүний бодол санаа зайд дамжих зэрэг ер бишийн үзэгдлүүдийг шинжлэх ухааны зорилтын тулд судалж байсан явдал үүнээс өмнө үгүй бөгөөд харин дэлхийн томоохон шашнууд өөрийн зорилгод маш чадмагаар ашиглаж байсан явдал буй. Дээр дурдсан Лондон хотын сэтгэхүйн судалгааны нийгэмлэгийн цуглуулсан зарим баримтаас дурдвал: “Эцэг минь нас бардаг өдрөө заншсан ёсоороо цэцэрлэг талбайгаар зугаалахаар 2 цаг хагаст гэрээсээ гарсан юмсан. Эцгийн гарснаас хойш 7-8 минут өнгөрөөгүй л байх, би эхнэр, дүү хоёртойгоо ярьж байтал эцэг рүүгээ очмоор санагдаад ер болдоггүй. Бид эцгийн тухай ер дурсаагүй, харин үдийн хоолны дараа хөршийндөө очих тухай ярьж байсан юм.

Аав руугаа очих гэсэн хүсэл өөрийн эрхгүй намайг эзэмдэв. Тэгээд би бүгдээрээ явж аавыгаа олж авчиръя гэж сэтгэл зовон өгүүлэхэд тэд, дэмий сэтгэлээ зовоолоо гэж намайг зэмлэсэн юм. Гэвч эрэл эхэлж эцгийгээ олбоос тэр нас барчихсан байлаа.”

«Иймэрхүү явдал ялангуяа үхэл зовлон, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй холбоотой зүйлс нэг хүнээс нөгөө хүнд «дамжих явдал» амьдрал дээр их биш боловч бас тийм ч цөөнгүй тохиолддог шүү дээ. Гэтэл ийм «тохиолдлууд үхэл, зовлон эсвэл ойр дотнын хүмүүсийн санаа сэтгэлийн хүнд зовлон зүдүүртэй заавал холбоотой биш» гэж профессор Л.Л.Васильев үзээд Лондоны нийгэмлэгийн цуглуулгаас авсан бас нэг жишээг нэмэн дурджээ.

«Саяхан нэгэн өглөө босоод аахар шаахар зүйл хийж байтал дотроо 5 өндөг бүхий бургасан сүлжмэл жижиг сав маань бодогдлоо. 5 өндөгний нэг нь цэв цэвэрхэн, ердийн зууван хэлбэртэй, шаравтар өнгөтэй, нэг нь дув дугуй цагаан өнгөтэй халтартсан, бусад хоёр нь онцлох тэмдэггүй байв. Тэгэхэд би ийм үл ялих зүйлс юунд надад бодогдоно вэ гэж өөрөө өөрөөсөө асуулаа.

Би эдгээрийн тухай огтхон ч бодоогүй билээ. Гэвч тэр сав миний бодлыг хэдэн минутын турш эзэлсэн юм. Өглөөний цай уухаар нөгөө өрөөндөө ортол ширээн дээр тавганд хийж тавьсан өндөг, түрүүхэн надад бодогдсон нөгөө зууван хэлбэртэй 2 шар өндгүүдтэй ав адилхан байхыг үзээд бүр гайхав.

Юунд чи өндөг үзээгүй мэт ширтээд байгаа юм бэ гэж эхнэр маань зэмлэв. Өөртөө тохиолдсон өнөө бодлоо өгүүлэн хагас цагийн урьд хадам ээжээс ирүүлсэн тэдгээр өндөгний тоо хэлбэр тохирч буйг мэдээд бүр ч гайхацгаасан билээ.

Гэргий маань үлдсэн 3 өндгөө авчирвал надад бодогдож байсан өнөө тэвш, халтартсан өндөг зэрэг байлаа. Тэдгээр өндгийг хадам ээж маань надад явуулсныг би сүүлд мэдсэн юм. Хадам ээж өндөг явуулахаар зэхэж байхдаа намайг бодож байсан тухайгаа над хожим хэлсэн юмсан.

Энэ нь өглөөний 10 цагийн орчим болсон явдал буюу яг л надад бодогдож байсан үе байлаа» гэжээ.

Энэ мэтийн баримтуудыг Зөвлөлтийн хэвлэлүүдэд ч цөөнгүй бичдэг байж. 1941 онд “Огонёк” сэтгүүлийн 7 дугаарт “Хоёр эх” гэсэн нэртэйгээр зөвлөлтийн нэрт зохиолч Николай Островскийн бие барахыг түүний эх Островская хэрхэн мэдсэн тухай өгүүлэл нийтлэгджээ.

Н.Островскийн эх “Би жирийн тариачин эмэгтэй, өөрийн нэг зүүдийг хэлье. Зочид гэртээ унтаж байгаад зүүдлэхдээ далай дээгүүр олон онгоц нисэж нүргээнт дуу сонсогдож байлаа. Би дайн эхэллээ гэж ойлголоо. Би гэрээсээ гараад гүйнгүүт Колятайгаа дайралдлаа. Коля минь эв эрүүл, шинелиэ өмсчихөөд буугаа гартаа бариад зогсжээ.

Түүний минь эргэн тойрон окоп харагдан торлосон төмөр утас үзэгдэж байлаа. Колягаасаа дайны тухай асуух гэтэл тэрээр харуул манаанд гарчээ. Гэртээ эргэх гэтэл төмөр утас хөлд минь тээглэж, нүх улам өргөсөж, би хашгирах гэтэл хашгарч огт чадсангүй.

Би сэрэнгүүтээ Москвад байгаа миний хүү Коляд нэг л бүтэлгүй явдал тохиолдов гэж боллоо. Тэгээд Москваруу явахыг завдан байтал Колягаас захидал ирж түүндээ биеэ сайжирсныг бичээд удалгүй буцаж очно гэжээ. Гэхдээ миний уйтгар гуниг арилахгүй л байв.

Орой нь унтаж байтал (11 цагийн орчим) хаалга тогшиж хотын захиргаанаас хүн ирж намайг сэрээгээд: “Ольга Осиповна та унтаж байна уу? Босоорой” гэсээр гэрт орж ирлээ. Коляг минь нас барсныг хэллээ» гэжээ.

Өөр зарим нэг тохиолдлоос дурдвал: бодол санаа зайд дамжих үзэгдлийг ЗХУ-д шаргуу судлагчдын нэг Б.Кажинский өөргэйгээ учирсан нэгэн тохиолдлын талаар “Миний найз М, хэдэн долоо хоногийн гурш гэдэсний хижгээр өвчлөн хэвтэж байсан юм. Би өдөр бүр тэднийд очдогсон. Нэг шөнө тэднийхээс ирээд унтахаар хэвтлээ. Манайх тэднийхээс 1 км орчим хол байсан юм. Би бөх унтаж байснаа мөнгөн халбагаар шилэн аяга цохих чимээ сонсож сэрлээ.

Би ширээн дээр байгаа цайны хэрэглэлийг муур хөдөлгөв гэж бодонгуут гэрлээ асаатал манайд элдэв сав ч байсангүй, мөн муур ч байсангүй. Яг шөнийн хоёр цаг болж байсан болохоор би ахиад бөх унтжээ. Би маргааш нь ажлаасаа тараад шууд М-ийндээ очихоор гэр рүү нь явж байтал гэнэт надад их муухай эвгүй бодол төрж арай найз минь нас барчихаагүй байгаадаа гэж бодогдож тэднийд ортол миний найз нас барчихсан түүний дэргэд уй гашуу болсон эх нь сууж байж билээ.

Би нас барсан найзыгаа орноос нь зайлуулан өргөж байхад гэнэт тохойгоороо ширээ дэлстэл урьд шөнийн миний сонссон мөнгөн халбаганы дууг сонсогдлоо. Надад энэ үзэгдлийн мөн чанарыг мэдэх санаа бодол өөрийн эрхгүй төрөв.

Би ширээ рүү хартал ширээн дээр шилэн аяга, мөнгөн халбага байсныг шууд аваад хооронд харшуулан үзвэл миний урьд шөнийн сонссон дуу ахин сонсдлоо. Найзынхаа ээжийг тайтгаруулан шөнө хэдийд хүү нь нас барсныг асуутал эх хэлэхдээ:Шөнийн хоёр цагт би энэ шилэн аяганаас хүүдээ эмийг нь өгтөл тэр минь нас барчихлаа гэв.” (24,20) хэмээн бичжээ. Энэ тохиолдол 1919 оны 8-р сард Гүржийн нийслэл Тбилисс хотод болсон ажээ.

Америкийн алдарт зохиолч Марк Твен “Бодол санаа зайд дамжих тухай” гэдэг сэдвүүддээ энэ мэт үйл явдлыг хувийн амьдралаасаа үндэслэн бичсэн байдаг. Ялангуяа танил хүнтэйгээ уулзахыг зөгнөн мэдсэн тохиолдлууд нь Марк Твений анхаарлыг их татдаг байж гэнэ. Гэнэт л аль нэгэн танилынхаа тухай бодоод удалгүй тэр найзтайгаа уулзчихдаг байж. Иймэрхүү бодлыг И.С.Тургенев ч бас нилээд ажиглажээ.

Ер нь энэ мэт тохиолдлуудыг эрж цуглуулах юм бол манай хүмүүсийн амьдралд ч багагүй тохиолддог бизээ. Гэвч ингэж тохирно гэдэг сонин юм. Орчин үед энэ мэт ер бусын тохиолдлууд, хэвийн бус мэдрэхүйтэй хүмүүсийн талаарх мэдээ материалыг зөвхөн цуглуулаад зогсохгүй судалгааны олон тооны туршлагуудыг янз бүрээр үйлдэх болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ