Монгол эрдэмтэн эх орондоо ургадаг ургамлаас хорт хавдар эмчлэх эм гарган авчээ

Дөч гаруй жилийн турш эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажил хийж, Монгол орны 50 гаруй зүйл эмийн ургамал дээр судалгаа явуулан, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсны дотор шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоосон академич Д.Батсүрэнгийн бас нэгэн ололтыг бид энэ удаа онцлож байна.
Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаж буй юм. Энэхүү мэргэжлийн үг хэллэг бүхий бүтээлийг энгийнээр тайлбарлахад тэрээр хорт хавдрыг эмчлэх шинэ бодисыг ургамлаас нээн, гарган авсан байна.
Академич Д.Батсүрэн дагуурын хүж өвснөөс дауринол нэртэй өвөрмөц бүтэц бүхий шинэ бодис нээж, түүний бүтэц байгууламжийг баталжээ. Одоогийн байдлаар дауринол нэртэй бодис Монгол, ОХУ, БНХАУ-д ургадаг хүж өвсөнд хуримтлагдан нийлэгждэг, олон төрлийн хорт хавдар, үүний дотор бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдарт идэвхтэй нөлөөлдөг нь тогтоогдсон байна.
-ХАВДРЫН ЭСИЙН ҮРЖИН, НЭМЭГДЭХ ИДЭВХИЙГ ТАВ ДАХИН БУУРУУЛАВ-
Тэрээр энэ шинэ бодисоо нээн олсныхоо дараа “Байгалийн нэгдлийн хими” сэтгүүлд нийтлүүлж, 1982-1983 онуудад “Chemical abstracts”, “Реферативный журнал”-д бүртгэгдсэнээр олон улсын хэмжээнд баталгаажуулсан байдаг. Түүний дараа АНУ-ын Эрүүл мэндийн институтын Хорт хавдар судлалын төвийн захирал хамт судалгаа хийх санал тавьсан байдаг ч тухайн цаг үед нам засаг өөр байсан учир капиталист улстай харьцаж болохгүй гэдэг үүрэг өгснөөс судалгаагаа эхлүүлж чадалгүй бас л хойшлогджээ.
2002 онд БНСУ-ын хэсэг эрдэмтэдтэй хамтарч төсөл хэрэгжүүлж байхдаа энэ бодисоо танилцуулж судалгаагаа эхлүүлсэн байна. “In Vitro ба In Vivo” судалгааны дүнд уг бодис нь хорт хавдрыг эмчлэхэд хүчтэй нөлөө үзүүлж байгааг дахин баталснаар, эхлээд Солонгосын патент, дараа нь АНУ-ын патентыг тус тус авчээ.
Уг бэлдмэлийн туршилтыг шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдрын эс болон ходоод, уушги, хөх, элэгний хорт хавдрын эсийн өсгөврийн шугамуудад зургаанжилийнтуршявуулсан байна. Энэхүү бэлдмэлийнхамгийн гол ажил болох эмийн цэвэр бодис ялгах, эмийн бэлдмэлийн суурь судалгааны ажлыг Монголын талын зохиогчид гүйцэтгэсэн бол молекулын биологи, биотехнологийн цуврал туршилтыг Солонгосынэрдэмтэдийнбагхийж гүйцэтгэжээ.
Туршилтын явцад дагуурын хүж өвс буюу “Dagurix” бэлдмэл нь:
-Хавдрын эсийн S фазыг зогсоов
-Эсийн үржин, нэмэгдэх идэвхийг тав дахин бууруулав
-Хавдрын эс үржихгүй болох нөхцөл бүрдэх тохиол байв
-Хавдрын эсийг хөдөлгөөнгүй болгож байгааг хуруу шилний аргаар нотлов.
Эдгээр туршилт судалгаануудын дараа “Dagurix”-ыг амьд эс дээр буюу хорт хавдрын эсийг амьтны хэвлийд тариад, эмгэг загвар үүсгэн, үйлчлэгч бодисоо өгч туршив. Амьтан дээр хийх судалгааны явцад маш хүчтэй хавдар устгагч бодис болохыг тогтоосон.
-ДОТООДЫН БОЛОН ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ-
Монгол орны байгалийн органик бодисын гол түүхий эд нь ургамлын баялаг бөгөөд түүний дотор 700 гаруй эмийн ургамал чухал байр эзэлдэг. Эмийн ургамлын дотор агуулагдаж байгаа фармакологийн тодорхой үйлдэлтэй биологийн идэвхт бодисууд гэж нэрлэгдэж заншсан алкалоид, флавоноид, кумарин, ксантон, лактон, лигнан зэрэг бага молекулт бодисуудын бүрдэл, химийн нарийн бүтэц, физик, химийн шинж төлвийг судалдаг ухааныг байгалийн нэгдлийн хими гэж нэрлэдэг. Эндээс үзэхэд байгалийн нэгдлийн хими нь эмийн ургамлын дотор агуулагдаж байгаа биологийн идэвхит нэгдлийг химийн ямар нэгэн хувирал өөрчлөлтөд оруулахгүйгээр цэвэр байдлаар ялгах, тэдгээрийн физик, химийн шинж төлөв, молекулын бүтэц байгууламжийг судлан тогтоодог тулгуур судалгаа юм.
Тэрээр энэхүү тулгуур судалгааг ашиглан нээсэн шинэ нээлтээрээ Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1-д зааснаар суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт олгодог “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг хүртэж, 100 (нэг зуун) сая төгрөг хүртсэн билээ.
Цаашид шинэ эмийг хурдан хугацаанд үйлдвэрлэж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлэх талаар төрийн захиргааны холбогдох байгууллагууд анхаарч ажиллах чиглэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өгсөн ч одоогоор практикт нэвтрүүлэх хөрөнгийн хэмжээнээс шалтгаалан ажил удаашралтай байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ