О.Одгэрэл: Хавдрын эсийг генийн түвшинд оношлоно

О.Одгэрэл: “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн оюутнуудтайгаа хамтраад нуклейн хүчлийг ялгаж, оношилгоо хийдэг оношлуур гарган авлаа

“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн дэд профессор, МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, Элэгний төвийн лабораторийн эрхлэгч, Др.О.Одгэрэлтэй ярилцлаа.

-Биологийн дээжнээс нуклейн хүчлийг ялгаж, олон төрлийн өвчнийг илрүүлэх боломжтой цомог зохион бүтээсэн гэсэн. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Азийн хөгжлийн банкны дээд боловсролыг дэмжих 28 сая төгрөгийн төслийн хүрээнд “Шинэ монгол” технологийн дээд сургуулийн оюутнуудтайгаа хамтран нуклейн хүчлийг ялгаж, оношилгоо хийдэг оношлуур гарган авсан. Ингэснээр тухайн дээжинд байгаа өвчин үүсгэгч генийг ялгаж, таньж болно гэсэн үг. Гэхдээ бүх төрлийн өвчин гэж бас ойлгож болохгүй. Бэлгийн замын халдварт өвчнүүд, элэгний В,С вирусийн хэмжээг тогтоох гэх мэт юм. Элэгний В,С вирус тоолж байна гэдэг нь тухайн вирусийн генийг л тоолж байгаа гэсэн үг шүү дээ.Үүнээс гадна эцэг тогтоолгох шинжилгээ, шүүх эмнэлгийн шинжилгээ, гэмт хэргийн ул мөрөөс сэжигтэнг тогтоох шалгах зэрэг генийн шинжилгээг хийх боломжтой юм.

-Олон төрлийн өвчний оношлогоо шинжилгээг цогцоор хийх боломжтой гэдгээрээ эрүүл мэндийн салбарт нэлээд өндөр ач холбогдолтой оношлуур зохион бүтээжээ. Яг хэрхэн хийсэн, ямар технологиор гэдгийг нь нарийн тайлбарлаж өгөхгүй юу?

-Ижил зорилго биелүүлэх олон янзын оношлогооны цомог дэлхийд хийгдээд зарагдаж байгаа л даа. Ихэнх нь цахиурын мембран дээр үндэслэгдсэн байдаг. Харин манай цомогны гол онцлог нь төмрийн нано хэмжээст ширхэгийг ашигласанд байгаа юм. Энэ бол нэлээн сүүлийн үеийн технологи. Энэ технологи дээр нано хэмжээст ширхэг ашигласан цомог одоогоор манайхаас өөр алга байна. Байгаа хэд нь бүгд микро хэмжээст байгаа.

-Нано хэмжээст ширхэгүүд гентэй холбогдохын давуу тал юу бэ?

-Илүү өндөр идэвхтэй болно гэсэн үг. Нэгж генд ногдох ширхэгийн тоо олшроно. Илүү нягт холбогдоно. Энэ нуклейн хүчлийг ялгах цомогноос гадна мөн түүний дараагийн шатанд ашиглах полимеразын гинжин урвалын оношлогооны цомогнууд мөн бид нар хийсэн байгаа. Ингэснээр илүү цогц бүтээгдэхүүн болж байгаам.

-Полимеразын гинжин урвалын цомгуудын тухай тайлбарлаж өгнө үү?

-Нуклейн хүчлийг ялгаж авахад тэнд байгаа бүх нуклейн хүчил өөрөөр хэлбэл бүх байгаа генүүд дээжнээс соронзоор татагдаад ялгагдана. Дараа нь тэндээсээаль нэг генийг хэдэн тэрбум дахин олшруулж байгаам.Энэ олшруулах процессийг полимеразын гинжин урвал гэх бөгөөд уг олшрох байдалд нь дүн шинжилгээ хийснээр ямар нэг вирүс өвчин үүсгэгч байгаа эсэх, байгаа бол хичнээн тоотой байгааг тогтоодог. Мөн шүүхийн шинжилгээ ч бас ялгаагүй, олширсон генүүдийнх нь уртыг харьцуулжямар хүн бэ гэдгийг нь 99,9 хувийн магадлалтай тогтоодог.

-Ийм төрлийн оношлуурыг манай улсад хэр ашигладаг вэ. Гол төлөв гадаадаас өндөр үнэтэй оруулж ирсэн төхөөрөмжүүд байдаг байх. Таны бүтээсэн оношлуур монгол эрдэмтний хйисэн анхны цогц генийн оношлуур гэж ойлгож болох уу?

-Тийм. Бүтээгдэхүүнийхээ патентын эрхийг авсан.Гадаадаас ийм төрлийн оношлуурыг хамгийн багадаа сая орчим төгрөгөөр оруулж ирдэг. Ингэж дотооддоо үйлдвэрлэснээр 5 дахин хямд үнээр худалдах боломжтой юм. Бидний тооцоогоор нуклейн хүчил ялгах 100 оношлогоо хийх нэг ширхэгцомгийг 200 мянган төгрөгөөр зарах боломжтой гэсэнсудалгаа хийчээд байна. Энэ бол маш хямд үнэ.

-Оношлуураа эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, эмнэлгүүдэд ашиглах тал дээр хэр анхаарал хандуулж байгаа вэ. Гадаадын оношлуураас 5 дахин хямд, тэгээд зогсохгүй цогц олон төрлийн өвчнийг генийн төвшинд оношлох боломжой гэдгээрээ давуу талтай юм байна?

-Шинэ бүтээгдэхүүнийнхээ патентыг авсан ч эрүүл мэндийн салбарын ашиглалтад нэвтрүүлэхийн тулд бүртгүүлэх, зөвшөөрөл авахаас эхлээд олон шат дамжлагатай байдаг. Энэ процесс бол нэлээн хүнд, хатуу шаардлага тавигддаг процесс.Газар авах, авсан газар дээрээ үнэлгээ хийлгэх, барилгын зураг төсөл, үйлдвэр барих, GMP-ийн шаардлага хангах, үйлдвэрийн тусгай зөвшөөрөл авах, ISO 9001 –ийн тохирлын гэрчилгээ авах, бүтээгдэхүүний судалгаа хийх,нотолгоо гаргах гэх мэтчилэн ажил бол асар их. Үүнийг бол бид судлаачид нар дангаараа дийлэхгүй. Илүү аж ахуйн шинжтэй ажил. Үүн дээр Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Үйлдвэрлэл инновацийн төвийн залуучууд ажиллаж байна.“Дөрвөн уул биотек” гэсэн нэртэй компани байгуулсан байгаа. Энэ компани дээр цаашдаа бизнесийн ажлууд нь явагдана.

-Оношлуураа зах зээлд нийлүүлэхийн тулд биотехнологийн үйлдвэртэй болох шаардлагатай гэж байна. Үйлдвэр байгуулахад мэдээж өндөр зардал шаардана шүү дээ. Энэ төсвийг хаанаас гаргах вэ. Мөн үйлдвэр нь хэдэн ажилтантай байх, оношлуураас гадна ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөр ямар чиглэлд үйл ажиллагаа явуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай инженерийн ангийн оюутнууд биотехнологийн үйлдвэрийн бүрэн зураг хийсэн. Үйлдвэрийнхээ макетийг хүртэл өөрсдөө хийчихсэн байгаа. 4000 метр квадрат талбайтай барилга юм. Техник эдийн засгийн үндэслэл ч бас хийсэн.7 орчим тэрбум төгрөг шаардлагатайгэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Энэ төсөл дээр бизнесийн баг орж ажиллана.Одоо бол хөрөнгө мөнгө босгохоос өмнөх компакт төсөл хэлбэрээр байгаа эд л дээ. Ер нь бол нэг л үйлдвэр байхад биотехнологийн ихэнх юмийг тэнд хийж болно. Жишээ нь малын вакцин байна. Монголчууд одоо өөрсдөө мал, амьтны бүх вакцинаа хийх цаг нь болсон. Монголд үүнийг хийх хангалттай боловсон хүчин байна.

-Ийм үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхол манай монголын бизнесменүүдэд хэр байдаг бэ? Хэр ашигтай гэж үздэг бол:

Биотехнологийн аж үйлдвэр бол өндөр ашигтай салбар. Ер нь бол хайтек үйлдвэрлэлийн салбар гэдэг. Ийм салбар бол гол нь оюуны баялаг, патент дээр суурилж ашгийг асар өндөрт байлгадаг онцлогтой. Жишээлбэл хөдөө аж ахуй шиг олон хүний хөдөлмөр ордоггүй. Үйлдвэрт дээд тал нь 20 орчим хүн ажиллах байх. Харин монголд одоохондоо энэ салбарт зориглоод орох хөрөнгө оруулагч тун ховор байх шиг байна. Аргагүй л дээ, монголын эдийн засаг жижиг байгаа болохоор, их эрсдэлтэй харагдаж байгаа байх. Тэднийг ойлгож байгаа.

- Биотехнологийн үйлдвэрийн түүхий эд гэж юу байх бэ?

Дээр хэлснээр биотехнологи бол хайтек үйлдвэрлэл. Ийм салбарт түүхий эдийн хязгаарлалт бараг байдаггүй юм. Өөрөөр хэлбэл маш бага хэмжээний материаллаг түүхий эд орно гэсэн үг. Гол түүхий эд гэвэл хүний гайхамшигтай санаа л түүхий эд болох байх даа. 100 микролитр жаахан шингэнийг 100 доллараар зардаг салбар шүү дээ.

-Монголын биотехнологийн зах зээл таньд хэр ирээдүйтэй харагдаж байна бэ?

Би бол зах зээлийг маш өөдрөгөөр төсөөлж байгаа. Учир нь Монголд одоо зарагдаж байгаа эмнэлэгийн бүх оношлуурууд, хүний бүх вакцин, мал амьтны нэлээд вакцинуудыг гаднаас импортолж оруулж ирж байна. Үнийн хувьд асар өндөр нугалдаг. Тээврийн зардал гэж бас маш өндөр үнийн дүн шингэдэг. Яваандаа долларын ханш өсөхөд улам л үнийн дарамтанд орно. Бас иймэрхүү онцгой ачааны тээврийн зардал дэлхийн улс төрийн уур амьсгалаас болоод улам үнэтэй болж байна. Харин дотоодод үйлдвэрлэвэл үнийн хувьд өрсөлдөх чадвараар ямарч гадны бүтээгдэхүүнийг дагуулахгүй. Биотехнологийн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь төр байдаг учраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хуулиар тэндэрт ялах бололцоо их. Гэх мэтчилэн, Монголдоо таарсан хөөрхөн борлуулалт хийх боломж их байна.

-Дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийн хувьд?

Мэдээж Монгол улсын имиж тааруу учраас хэцүү. Биотехнологийн үндсэн бүтээгдэхүүний зах зээл дээр бол худлаа болов уу. Харин шинээр үүсч байгаа, тоглогч байхгүй юм уу эсвэл цөөхөн тоглогчтой технологийн зах зах зээлд бол боломжтой. Энэ бол хязгааргүй боломж. Жишээ нь дэлхийд сайн судлагдаагүй өвчний оношлуур байж болно. Бид нар сая хепатитын Д вирүсийн цоо шинэ технологитой оношлуурыг Станфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч зохион бүтээлээ. Энэ бол алтны нимгэн үеийг шилэн слайд дээр ууршуулж түрхээд түүн дэрээ уг вирүсийн эсрэг төрөгчийг цэгэн матрициаар жагсааж бэхэлдэг технологи. Энэ цэгүүд дээрээ Д вирүсийг наалдуулж илрүүлдэг. Энэ технологийн талаарх эрдэм шинжилгээний өгүүллэгийг дэлхийд нэр хүндтэй эрдэм шинжилгээний“Hepatolgy”сэтгүүл дээр саяхан хэвлүүлсэн. Гадныхан энийг нэлээн сонирхоод л байна.

-Гадны том компаниуд үүнийг хийж чадаагүй гэсэн үг үү ?

Нэг компани бүх юмийг хийх боломжгүй. Учир нь энэ вирүс зөвхөн Монголчуудад маш их тархсан, элэгний хамгийн аюултай вирүс. Бусад оронд бараг байдаггүй учир сайн судлагдаагүй, сайн судлагдаагүй учир чанартай оношлуур хийгдээгүй. Энэ оношлуурийг хийгээд зарахад Монголоос гадна дэлхийн ямарч улс бид нараас авахаас өөр сонголтгүй. Яагаад гэвэл хепатитын Д вирүсийн хамгийн сайн судалгааны баг Монгол байгаа учраас тэр шүү дээ. Тэгэхдээ одоо бүх оношлогооны технологи бүрэн автомат системд шилжиж байна. Энэ юу гэсэн үг бэ гэвэл оношлогооны цомгийг дагаад түүнийг ашиглаж оношлогоо хийдэг багаж нь хамт байнаа гэсэн үг. Тйим учраас бид хэрвээ оношлогооны зах зээлд орж байгаа бол багажыг нь бас хамт хийх ёстой. Сүүлийн үед оношлогооныцомог, багаж, үр дүн боловсруулж хадгалах мэдээллийн систем, зэрэг бүх зүйлүүдийг нэг багц систем болгож компанууд өөрсдийн платформыг зах зээл дээр гаргаж эхэллээ.

-Багажийг Монголчууд хийх боломж байгаа юу?

Байлгүй яахав. Манай эрдэмтэд, инженерүүд чинь гадаадад байхдаа маш мундаг өндөр түвшний юм хийсэн байдаг юм шүү дээ. Толгой бол сайн. Монголдоо ирээд зэвэрч эхэлдэг гэмтэй. Бид нар одоо нуклейн хүчлийг ялгах цомгондоо зориулж бүрэн автомат робот ажиллагаатай машин хийж байна. Энэ ажил дээр МУИС-ийн багш, доктор М. Баярпүрэвтэй хамтран ажиллаж байгаа. Нарийн механикийн эд ангиудыг зордог Японы хөрөнгө оруулалттай компани ч Монголд ажиллаж байна. Электроникийн эд ангиуд дэлхийн зах зээл дээр хогоороо л байна.Гол нь толгой л чухал.

-Оюутнуудыг та судалгаанд хэр татан оролцуулдаг бэ?

Шинэ монгол технологийн дээд сургууль сургалтын чанарыг тогтмол сайжруулж төгөлдөржүүлэх хамгийн гол механизм бол судалгаа хөгжүүлэлтийн төслийг байнга хэрэгжүүлж түүнд багш оюутнууд зэрэг хамтдаа нэг баг болж оролцох явдал гэж үздэг юм.Энэ концепц надад их таалагддаг. Тийм ч учраас би оюутнуудыг төсөлд байнга оролцуулах, өөрсдөөр нь жижиг ч хамаагүй ямар нэг шинэлэг зүйл хийлгүүлдэг юм.

-Үүнд оюутнуудын идэвх, хандлага хэр байна?

-Мэдээж Монгол оюутнууд барууны оюутнуудыг гүйцэхгүй л дээ. Монгол оюутнууд дэндүү нялх, бие хүн болоогүй, хариуцлагаа ухамсарлах түвшинд хүрээгүй байдаг юм. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэсэн үг л дээ. Энэний шалтгаан олон юманд байгаа нь мэдээж. Бас дунд сургууль математикт хэт анхаараад, тексттэй харьцах чадвар маш муу олгож байна. Өөрөр хэлбэл бичиг үсгийн боловсрол, унших бичих чадвар гэсэн үг. Гэтэл их сургуульд ороод, мэргэжил эзэмшээд цаашаабодит зүйл хийгээд ирэхээр математикийн чадвар биш харин бичиг үсгийн боловсрол нь тэр хүнийг голлон авч яваад байгаа нь ажиглагдах юм. Шинэ монгол технологийн сургууль оюутнуудын энэ талыг хөгжүүлэхэд их анхаардаг. Бид 1-р курсээс нь эхлээд философийн хичээлийг нэлээн том цагаар оруулж байна. Бас инноваци интерпренойр гэсэн тусгай хичээл оруулна. Мөн сурах бичгүүдийг хуудсуудаар нь даалгавар өгч уншуулах, номын товчлол хийлгүүлэх, богино илтгэл тавиулах зэргээр нэлээн шахна. Ингээд ирэхээр оюутнуудын айдас бага багаар арилаад өөрсдөө юм хийж эхэлнэ. 3-р курсээс нь эхлээд төслүүд бичүүлж байна. Цаастай нэлээн зууралдуулна гэсэн үг. Мөн төслүүд дээр шууд багшийгаа дагаад ажиллаж эхэлнэ. Жишээ нь дээр хэлсэн “Дөрвөн уул биотек” компанид маань надаас бусад нь дандаа оюутнууд ажиллаж байгаа шүү дээ.Цомогныхоо хайрцаг савнаас өгсүүлээд компанийхаа эмблемийг хүртэл оюутнууд маань өөрсдөө хийсэн. Захиалга худалдан авалтаа хүртэл өөрсдөө хийнэ. Би зөвхөн ерөнхийд нь чиглүүлнэ.

-Та өөрийнхөө намтрыг танилцуулаач?

Би арван жилийн 40-р сургууль төгссөн. Сурагч байхдаа Норолхоо багшийнхаа удирдлаган дор биологийн олимпиадад ордог байлаа. 1996, 1998 оны биологийн улсын олимпиадуудаас мөнгөн медаль авч байсан.Биотехнологич-генетикч мэргэжлээр 1998 онд МУИС-д орж бакалавраар төгссөн. Германд Гоеттингенийн их сургуульд 2009 онд хүний генетикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэндээ постдок хийж байсан. 2011 онд МУИС-ийн захирал Төмөр-Очир гуай манай сургууль дээр ирээд надтай танилцсан юм. Тэгээд МУИС-д ирж ажиллахыг санал болгосны дагуу би 2012 онд МУИС-д ирж Генийн инженерчлэлийн лаборатороо Төмөр-Очир захирал, Ганзориг дэд захирлын дэмжлэгтэйгээр байгуулсан юм. Шинэ монгол технологийн дээд сургуульд анхны хичээлийн жилээс нь эхлээд биологийн лекц уншиж байна. Мөн Элэгний төвийн лабораторид ажилладаг. Миний гол судалгааны чиглэл бол генийн инженерлэл, молекул оношлогооны технологи, хиймэл үр тогтоох, хавдрын эмчилгээний технологи зэрэг юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таньд ажлын амжилт хүсье

-Та бүхэнд бас амжилт хүсье

ЭХ СУРВАЛЖ: http://itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ