Үр хөндөлт үндэсний эмгэнэл болж байна

Монголчууд цөөхөн. Хэдий цөөхөн ч гэсэн үр удам үлдээх охидоо насанд хүрээгүй байхад нь, хүсээгүй байхад төрүүлж, олон болох тухай хэн ч ярьж, уриалаагүй. Гэтэл насанд хүрээгүй охид жирэмслэх, хүсээгүй хүүхэд тээх, үр хөндөлтийн улмаас амь насаараа хохирох явдал жил ирэх тусам нэмэгдэж, үндэсний эмгэнэлт байдалд хүрээд байна. Өсвөр насандаа жирэмсэлснээс болж охидууд сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, түүнийгээ нуун дарагдуулан, айж эмээснээс цусны даралт ихсэх, цус багадах, бохирдох, дутуу төрөх зэргээр эрүүл мэндээрээ хохирч байна. Энэ тухай Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцохдоо:

-Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор 1 сая орчим хүнээ дээрхи шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. Жилдээ хорин хэдэн мянга гэсэн албан бус тооцоо гардаг. Яг үнэн тоо нь 30 мянгаас дээш гардаг. 30 жилээр тооцох юм бол Монгол Улс сүүлийн 30 жилд 1 сая хүнээ эхийнх нь хэвлийд алсан гэсэн үг. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын 7 нь үр хөндөх үйлдлийн хохирогч болж байгаа. Үр хөндөлтөөс голлох орлогоо олдог, үйлчилгээ үзүүлдэг газар, хүний тоо өссөөр байгаа мэдээлэл тасрахаа байлаа.

Үүнээс гадна энэ чиглэлийн элдэв эм, бодисын хэрэглээ, тэр тусмаа хүмүүсийн эрүүл мэндэд маш ноцтойаюултай эм, бодисын хэрэглээ, эргэлт замбараагаа алдсан. Үүнээс болж олон охид, залуу эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ ноцтой хохирч байна. Төрөх насны олон Монгол эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх, “ээж” гэж дуудуулах боломжгүй болж амьдралаараа хохирох нь улам бүр нэмэгдэж байна. Ахиад жирэмслэх боломжгүй, хүүхэд гаргах боложмгүй болж байна. Мөн энэ шалтгаанаар амь насаа эмгэнэлтэйгээр алдаж байгаа охид, бүсгүйчүүдийн тоо өдөр, сараар өсч байна. Ээж болох хосгүй хувь заяа, эрх нь эмэгтэй хүний аминд хүрдэг энэ аюулыг бид зогсоох ёстой. Энэ юутай эмгэнэл, юутай харуусал вэ? Энэ тухай мэдээллийг өмнө нь ҮАБЗөвлөлийн түвшинд сонсож, зөвлөмж чиглэл өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна хэмээн цохон тэмдэглэжээ.

Өсвөр үеийнхэнд тохиолддог олон ээдрээтэй асуудлын нэг нь яах аргагүй охидын жирэмслэлт . Өнгөц харахад хэн нэгэн охинд тулгарч буй хувийн асуудал мэт боловч энэ нь нийгмийн олон салбараас онцгой халамж шаарддаг. Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 120 гаруй мянган 15-19 насны охид бүртгэлтэй байна. Энэ насны охидуудад ногдох өсвөр насны төрөлтийн тоо 1990 онд 39 байсан бол 2005 он гэхэд бараг хоёр дахин буурч 15-д хүрчээ. Гэвч сүүлийн зургаан жилд 15-19 насны мянган охин тутмын 20 нь төрж байна. Түүнчлэн дэлхий дээр амьдарч буй 600 сая гаруй охины 500 орчим сая нь хөгжиж буй орнуудад амьдардаг юм байна. Тэднээс жил бүр 15-19 насны 16 сая охин хүүхэд төрүүлж, энэ насны охидын дунд жирэмслэлт, төрөхийн хүндрэлтэй холбоотой эндэгдэл улам бүр ихсч буйг НҮБ-аас гаргасан судалгаанаас харж болно. Хоёр жилийн өмнө манайд 12 нас- тай таван охин жирэмсэлж, үр хөндүүлж байгаад нэг нь хүүхдийнхээ хамт эндсэн тухай хэвлэлээр шуугиад өнгөрсөн. Тэгвэл өнгөрсөн онд ч мөн адил 14-15 насны дөрвөн охин “хүсээгүй” хүүхдээсээ татгалзсан гэх мэдээлэл байна. 13 настай охид үр хөндүүлэх нь хэвийн үзэгдэл болсон тухай эмч, мэргэжилтнүүд ярьж байгаа нь харамсалтай мэдээ биш гэж үү. Өмнө нь дунд сургуулийн 17-18 настай охид ирдэг байсан бол өдгөө 13-16 насныхан дээрх асуудлаар эмнэлэгт ханддаг болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоох боллоо. Хүүхдийн төлөө үндэсний төвийн судалгаагаар өсвөр насандаа ээж болсон 3000 хүүхэд манайд бүртгэлтэй байдаг юм байна. Эдгээрийн зарим нь хүүхдээ төрүүлдэг, талаас илүү хувь нь татгалздаг гэнэ. Энэ судалгааны цаана гэрийнхэндээ хэлэхээс айж, ичсэн охид хүчтэй эм, тан ууж, тариа хийлгэх зэргээр аминд халтай аргаар хүүхдээ зулбуулж, амь насаа дээсэн дөрөөн дээр авчирч байгаа нь эмгэнэлтэй. Улс үндэстэн сэргэн мандахын үндэс нь хүн амын нөхөн төлжих асуудал байдаг. Энэ тал дээр ул суурьтай, цэгцтэй бодлого барьж, залуу, өсвөр үеийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах нь ирээдүйгээ хүчирхэгжүүлэх гол тулгуур үндэсийн нэг нь байх ёстой. Бид цөөхөн. Гэхдээ хүн амыг эрүүл, зөв өсөлтөд анхаарч чадвал хожим биднээс илүү хүчирхэг нь байна гэж үү. Үүнд төрийн зүгээс анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ.

Д.Галт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ