Тарвага агнахаас болгоомжил

Зуны энэ үед тарваган тахлын халдвар оргил үедээ хүрдэг. Уг өвчиний байгалийн голомт дөрөвдүгээр сараас идэвхжиж, аравдугаар сарын дунд үеэс хэвийн болдог байна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагуудад уг тахлын эрсдэлтэй бүсэд багтдаг тул аялаж зугаалахдаа сэрэмжтэй байхыг албаны хүмүүс анхааруулж байна.

Тахлаар өвчилсөн тарвагыг агнах, өвчих, түүхий махыг нь идэх үед хүнд халдварладаг. Мөн ийм халдвартай тарвагаас бүүрэг халдахаас гадна өвчсөн гараараа нүд, чихээ ухах үед өвчин дамждаг аж. Түүнчлэн тарваган тахал туссан хүн бусдад амьсгалын замаар халдвар тараадаг аюултай.

Амьсгалын замаар халдвар авсан бол гэнэт өндөр халуурах, цээжээр өвдөх, амьсгаадах, цэр болон цусаар ханиалгах шинж тэмдэг илэрнэ. Харин хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөж, бөөлжиж, суулгадаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ