Захчины анхны партизан цэрэг

Захчины анхны партизан цэрэг бал Захчин жанжин гүний хошууны Тогтохын Найдан аж. Тэрээр 23-хан насандаа олноо өргөгдсөний 2 дугаар оны зуны дунд сарын хоёрны өдөр хурдан хээрээ унаж, урт хар цахиур буугаа үүрч Хатанбаатар Магсаржав вангийн цэрэгт элсэж Ховд хотыг чөлөөлөх тулалдаанд оролцож эрэлхэгээр тодорчээ.. Монголын түүхэнд цагаанаар бичигдсэн Хятадын хар цэргийн нэмэгдэл хүчийг бут цохиход тулалдан устгалцаж, их хэмжээний зэр зэвсэг,ачаа бараа, хөсөг уналгыг олзлон авахад идэвхийлэн тулалджээ. Зэрэгцээ хоёр тэмээн жингийн завсар 500 гаруй Хятадын хар цэрэг нуугдан Ховд хот руу орж явах замдаа ийнхүү бүрэн устгагдсан байна.

Ховд хотыг манжийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тулалдаанд манлайлан байлдаж, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн тэргүүтэй 28 баатар эр Сангийн хотын өндрөөрөө 4,5 метр, дээгүүрээ хос морин цэрэг зөрөлддөг байсан зузаан хэрмийг даван орогсдын нэг нь Тогтохын Найдан байсан байна. Үүнийг бичигч би энэ тухай яаж мэдэж байна хэмээвэл түүний хүү Н.Жанчив манай аавд хуучилж байсныг сонссоны дээр тулалдаан дууссаны дараа гавьяа зүтгэлийг үнэлэн Хатанбаатарын гутгаар зэргээр шагнасан болон1921 онд цагаатны Казанцев, Ничекийг баруун хязгаараас хөөн зайлуулах байлдаанд Манлай ван Т.Найданг дуудан цэрэгтээ дахин элсүүлж чухал үүргийг түүнд хариуцуулж байснаар нотлогдох билээ. Тэр Хатанбаатар манлай вангийн бие хамгаалагч найдвартай цэргүүдийн нэг байсан төдийгүй эрэлхэг дайчин цэрэг эр байжээ. Түүний гавьяаг үнэлж Монгол улсын Засгийн газраас тавдугаар зэргийн жинс, үнэмлэх бичгээр шагнасан байна.

Тогтохын Найдан бол захчины анхны партизан цэрэг гарцаагүй мөн билээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч Дагвын Жүгдэрбарам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ