Иргэдийн аминд хүрэх шахсан "Пума Империал" зочид буудлын лифтний аюулгүй байдлын дүгнэлт гарч, акт гаргав

Наймдугаар сарын 1ний 15 цаг 40 минутын орчим Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн байртай залгаа "Пума Империал" зочид буудлын шинэ өргөтгөлийн байрны 17 давхараас буусан цахилгаан шат доош унан хүний аминд хүрэх эрсдэлтэй осол гарсан билээ.

Энэхүү ослын үеэр цахилгаан шатанд найман хүн зорчин явсан бөгөөд тэдний зарим нь хөнгөн гэмтэл авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ мэдээллийг хүргэсний дараа тус зочид буудлын газраас нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн ажилтан ньманай редакци руу 319146 гэсэн дугаараас залган хэн нэгний захиалгаар мэдээлэл гаргалаа гэх мэтээр бидний мэдээлэл хийх эрхэнд халдан доромжилсон утгаар ярьж байсан. Бидний хувьд цагдаагийн байгууллагад ирсэн мэдээлэлд тулгуурлан иргэдийн амь нас хохирох эрсдэлтэй ослын талаар мэдээлэл хүргэсэн болно. Гэтэл тус байгууллага өөрсдийгөө хамгаалан захиалгаар төлбөртэй мэдээлэл гаргасан хэмээн манай байгууллагыг гүтгэн доромжилж байснаас гадна цахилгаан шатанд суусан хүмүүс чинь угаасаа жингийн илүүдэлтэй л хүмүүс өөрсдөө чихэж суусан тэгээд ч энд тийм аймаар осол гараагүй ирж хараач гэх мэтээр аашилж байсан билээ.

Тэгвэл өчигдөр тус зочид буудалд болсон хэргийн шалгалтын дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна.Энэхүү дүгнэлтээр лифт зогсолтын түвшин хэтэрч зөөлөн тулгуур дээр буусан гэж дүгнэлтэнд дурдсан байгаа ч лифтээр зорчиж байгаад хүчтэй унаж гэмтсэн гэдгийг хохирогчдийн биеийн байдалд хийсэн эмчийн дүгнэлт нотолдог юм.

Өөрөөр хэлбэл, лифт маш хүчтэй унаснаас болж тархины доргилт зөөлөн эдийн битүү гэмтэлд хүрсэн хэмээн өвчтөний түүхэд бичигдсэн байдаг юм. Ямартай ч эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн актыг товч танилцуулвал:

Шалгалтаар дараах зөрчил илэрлээ. Үүнд:

1. Лифтийн ашиглалт хариуцагчийг томилоогүй нь "Лифтний төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 27.13 дахь заалтыг

2. Лифтний тэнцвэржүүлэгч гинжийг хийгээгүй байгаа нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 29.7 дахь заалтыг

3. Лифтүүдийн цахилгааны үндсэн тэжээлийг нэг дамжуулагчаас салаалсан нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 18.2 дахь заалтыг

4. Лифтийн оролтын төхөөрөмжинд байрлах цахилгаан утасны үзүүрийг нягтруулагчаар холбоогүй нь "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 22.2 дахь заалтыг

Иймд Монгол Улсын "Төрийн хяналт шалгалтын тухай"хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалт "Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийн 29.34 дэх заалтыг тус тус үндэслэн АКТ тогтоожээ.

Ингэснээр тус газрын цахилгаан шатыг энэ сарын 1-нээс эхлэн илэрсэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ