Заамарын алт олборлогчид Байгал нуурийг бохирдуулж байна

Монголын алт олборлох үйл ажиллагаа Байгал нуурын усыг хэрхэн бохирдуулж байгаа талаар Москвагийн Их сургуулийн эрдэмтэд судалжээ.

М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн газарзүйн факультетийн судлаачид зургаан жилийн турш Монголын алтны ордуудын үйл ажиллагаа Байгал нууранд цутгадаг гол мөрнүүдийн усны найрлагад хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Гидрологи-Геохимийн болон Экологийн өргөн хэмжээний ажиглалт, хэмжилтийг энэ хугацаанд явуулжээ.

Судалгааны урьдчилсан дүгнэлтээр Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний усыг Улаанбаатар орчмын болон Монгол дахь бусад уул уурхайн ордуудын үйл ажиллагаа бохирдуулж байгааг тогтоосон байна. Тус их сургуулийн ахлах судлаач Сергей Чалов “Судалгааны дүнд эрдэмтэд Монголоос Орос руу урсаж байгаа бохирдлын бүрэн зураглалыг гаргалаа” хэмээн судалгааны ач холбогдлыг онцолсонюм. Голын усны найрлага дахь хүнд металл, металлоид, биогени, органик бодисын зэрэг 200 гаруй параметрыг шинжилснийг тэр бас өгүүлсэн байна.

Мөн эрдэмтэд Сэлэнгэ мөрний ай савд багтдаг Туул голын дагуу байрлах Заамарын алтны уурхайд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд судалгааны хугацаанд нийтдээ 30 тонн хүртэл хортой бодис эндээс Сэлэнгэ мөрөндцутгаж байгааг тогтоожээ. Энэхүү урсгал нь Байгал нуурын бохирдлын гол эх сурвалж гэж дүгнэсэн байна.

“Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалууд нь Байгал нуурын бүхий л экосистемийн төлөвийг тодорхойлж байгаа нь харагдсан тул гол мөрнүүдийн дагуу байрлах аж ахуйнуудын үзүүлэх нөлөөг яаралтай үнэлэх хэрэгтэй. Цаашдаа бусад цутгалуудын нөлөөг судалж, Байгал нуурын экологийн бүрэн загварыг гаргах шаардлагатай” гэж эрдэмтэд дүгнэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ