Ж.Батзандан: Иргэдийн зээлийг чөлөөлөхөд 4-5 жил шаардлагатай


УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Ардын хянан шалгах хороо гэдэг нэгжийг УИХ-ын дэргэд байгуулахыг манай бүлэг дэмжихгүй. Ямар зорилгоор байгуулах вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард түмний санал сануулга заавал явуулах ёстой.
Түүнээс зөвлөлдөх санал асуулга нэрээр хэдэн аймгаар явж, орон нутгийн хэдхэн даргын байр суурийг сонссоноор эцэг хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Хэлэлцүүлэг нэртэй ч урьдаас зохион байгуулсан сценариар үйл явц өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл болосруулж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг цуцалбал энэ хуулийг батлах, хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болно. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг үргэлжлүүлэн судална. Хуулийн төслийг хэн, хэзээ, хэрхэн боловсруулсан нь бүрхэг. Нэг нам дангаараа хүч түрэн Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Энэ талаар бид нухацтай ярилцах ёстой" гэв.
Иргэдийн цалингийн, оюутны болон тэтгэврийн зээлийн нийт хэмжээ 5 орчим их наяд төгрөгт хүрсэн. Хаанаас, ямар эх үүсвэрээр эдгээр зээлийг эргүүлэн төлж, иргэдийг зээлээс чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан баг энэ асуудлыг судлан, шийдэл гарган танилцуулах үүрэг хүлээжээ. Гэхдээ зээлээс чөлөөлөх нь хурдан хугацаанд хийх ажил биш, 4-5 жил шаардлагатай гэж Ж.Батзандан гишүүн ярьлаа.
Мөн тэрээр "Эрх баригч нам дотоод зодооноо хойш нь тавин, нойрноосоо сэрж, ажлаа хий. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарла" гэв.
Хуулийн төсөлд 2020 онооос эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ. Гэсэн ч УИХ батлахдаа дээрх огноог хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж АН-ын бүлэг үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ