М.Сарнай хүүхэд асрах яг албаны зөвшөөрөл аваагүй


Сүүлийн үед М.Сарнай, Ц.Сувд-Эрдэнэ гэх хоёр бүсгүйн өөр хоорондын маргаан олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээж, олны анхаарлыг татаад буй.
Иргэд гэлтгүй хэвлэл мэдээллийнхнийг хүртэл хоёр хувааж чадсан энэхүү үйл явцад сая нэг албаныхан байр сууриа илэрхийлж эхэлсэн нь сайшаалтай ч асуудлыг шийдэх гарц гэхээсээ илүүтэй төрийн бодлого хийгээд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль, Эрх зүйн дутагдлыг нь харуулсан, бас сануулсан тайлбар байв.
Үүнийг саяхан хэд хоногийн өмнө Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаагийн хэвлэлд өгсөн тайлбараас харж болно.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд "Хүний, өөрийн олон хүүхдийг гэртээ байлгаж, асран хамгаалж байгаа М.Сарнай гэдэг эмэгтэй хандив цуглуулж байна гэх мэдээллийг энэ оны эхээр хүлээж авсан. Тэр даруй бид М.Сарнайгийн гэрт нь очиж газар дээр нь танилцсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр очиж, уулзсан байдаг. Тухайн үед биднийг очиход тэдний гэрт нь 10 орчим хүүхэд, тэнд ажилладаг хэдэн эмэгтэй байсан.
Тэдний ярьж байгаагаар хогийн цэг дээр амьдардаг, ажилладаг хүмүүсийн болон М.Сарнайгийн ойр орчим байдаг эцэг, эхчүүд хүүхдүүдээ түүнээр харуулдаг гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нийт 18 хүүхдийг хардаг болохыг нь тогтоосон. Харин М.Сарнайгийн яриагаар бол ойролцоогоор 30-аад хүүхдийг харж, асардаг гэсэн. Хамгийн гол нь бид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн" гэх албан ёсны мессеж, зүй ёсны тайлбарыг өгчээ.
Харин ярилцлагынхаа төгсгөлд"Бид өнгөрсөн баасан гарагт М.Сарнайгийнд очсон. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооноос Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд нүүж ирэхэд нь зургаан хүүхэд хамт ирсэн байна. Харин бусад есөн хүүхдийн тав нь өөрийнх нь болон эгчийнх нь, хүүхдийнх нь хүүхэд байсан. Харин үлдсэн дөрөв нь түүн дээр шинээр ирсэн хүүхэд байсан.

Гэвч М.Сарнайгийн хувьд хүүхэд харж, асрах яг албан ёсны зөвшөөрөл аваагүй. Уг нь, түүний энэхүү байдал халамжийн хуулиараа Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний нэг хэлбэр байх боломжтой. Үүнээс өөрөөр хүүхэд харах, хүүхэд тэжээн тэтгэх албан ёсны үйлчилгээ огт биш" гэдгийг тодотгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ