Байгаль хамгаалагчдын байрыг галдан шатаажээ


Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутгийн хамардаг Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчдын байрыг санаатайгаар шатаасан хэрэг гарчээ.
Хулгайгаар загасчилж байсан завьтай иргэдийн хойноос байгаль хамгаалагчид явсан хойгуур байшинг нь галдан шатаасан байна. Галын улмаас тухайн бүсийн байгаль хамгаалагчдын байшин бүрэн шатаж, тэд өмсөж байсан хувцастайгаа үлджээ. Байгаль хамгаалагчдын галд шатсан байр гурван жилийн өмнө ашиглалтанд орж байсан бөгөөд олон хүний багтаамжтай том байшин байсан талаар нутгийн иргэд хэлж байгаа юм.
Хөвсгөл аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумын нутгийн хамардаг байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хамгаалж авч үлдсэн гэгддэг энэ бүс нутаг байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг байнга шахам талаар албаныхан мэдээлэв. Энэхүү бүсэд халдаж буй байгаль сүйтгэгчид байгаль хамгаалагчдыг хохироох, санаатайгаар биед нь хүнд гэмтэл учруулах, тохиолдол байнга бүртгэгддэг байна.
Байгаль хамгаалагчдын байшинг санаатай шатаасан болох нь цагдаагийн байгууллагын шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон байна. Одоогоор энэхүү хэргийн эзэн холбогдогчийн эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ