Ус зайлуулах хоолойгүй ИХ ХОТ

Бороо орох нь сайхан. Гэвч үер усны асуудал нийслэлчүүд бидний санааг олон жилийн турш зовоосон. Энэ жил хур арвинтай жил болж байна. Өчигдөрхөн орсон усархаг борооны улмаас нийслэлийн Сансарын тунель, Е-март болон Сэлбэ гол орчмын зам усанд автсан байна.

Улаанбаатар хотыг тойрсон 700 гаруй километр зам бий. Гэхдээ энэ замын дөнгөж 13 хувьд нь, үүнээс төв хэсгийн 300 орчим километр замын 27 хувь нь ус зайлуулах хоолойтой. Эдгээр ус зайлуулах хоолой нэгдсэн нэг магистраль шугамаар баруун тийшээ явж, “Хархорин” захын хажууд байрлах усан насосын станцад бохироо шахдаг аж. Харин усан насосын станцад очсон усны бохирдлыг буюу том хогнуудыг шүүн аваад, үерийн усыг шууд Туул гол руу цутгадаг аж. Ийм усан насосын станц Улаанбаатарт ганцхан л ажиллаж байна.

Мэргэжилтний хэлж буйгаар "Улаанбаатар хотод хүчтэй бороо орсон үед хотын төв замын ус зайлуулах хоолойнууд ачаалалаа даахгүй зам усанд автаж байна. Бороо зогсоод 20-30 минутын дараа замын ус бүрэн зайлуулах хоолойгоор урсчихдаг. Нарны замын ус зайлуулах хоолойн тухайд шууд Хархорин дахь усан насосын станц руу холбогдсон нэг шугамтай. Товчхондоо тус замын бохир ус ямар ч ачаалалгүйгээр станцад хүрдэг. Харин бусад төв хэсгийн ус зайлуулах хоолойнууд бүгд 20-30 жил болсон ашиглалтаас гарсан" гэлээ

2013 оноос хойш тавигдсан бүх замд ус зайлуулах хоолой заавал хийх шаардлагыг нийслэлээс тавьж, гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан аж. Гэвч компаниуд хуучны зураг төслөөр ус зайлуулах хоолойгоо тавьсан байна. Хуучны зураг төсөл гэдэг нь 700 мянган хүн амтай төлөвлөгдсөн нийслэл хотын инженерийн байгууламжийнх. Мэдээж ийм зураг төслийн дагуу хийсэн ус зайлуулах хоолой яаж хоёр сая гаруй хүн амьдарч буй нийслэлийг усанд автуулахгүй байж чадах билээ. Шинэчилье гэхнээ дахиад л шинэ зураг төсөл, хөрөнгө мөнгө шаардагдах юмсанж.

Бороо, үерийн гамшиг дуусахгүй. Нэг бол зам засуулахгүй, үгүй бол засчихсан замыг урсгаад баахан нүх үлдээчихдэг. Замаар дүүрэн ухагдсан нүхэнд иргэдийн хувийн өмч хөрөнгө болох машин тэрэг нь эвдэрч гэмтэнэ. Уг нь дэлхийн аль ч улс оронд бороо орж л байдаг, замаа засч л байдаг. Гэхдээ манай улсад бол өөр. Эхлээд зам засах гэж хавь ойр орчмынхоо хамаг замыг хааж хэсэг хугацаа авна, дараа нь зассан замаа дахиад засдаг. Үүнтэй зэрэгцэж бороо ормогц зам усан далай болдог учир Улаанбаатарчууд гэж уран гимнастикийн тамирчид, Уран хасын балетчид шиг л хүмүүс болж хувирах юм даа..

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ