Хот тохижуулах газрын ажилтан амиа хорложээ


Саяхан Орхон аймгийн Хот тохижуулах газрын нэгэн ажилтан амиа алдсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус аймгийн ХТГ-ын ажилтан М (нэрийг нь өөрчлөв.сурв) нь амиа хорлосон байдалтай олдсон байна. Ар гэрийнхэн нь талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан хэмээн үзэж байгаа аж.
Нутгийн иргэний хэлж буйгаар, талийгаач М нь архины хамааралтай нэгэн байсан бөгөөд архи уухаараа хэдэн өдрөөр ч хамаагүй ажлаа таслаад алга болдог байжээ. Талийгаачийн ар гэрийнхэн боломжтой хүмүүс байдаг бөгөөд түүнд ихээхэн анхаарал халамж тавьдаг байсан аж.
Түүнийг архи ууж ажлаа таслах бүрт албан газарт нь очиж, ажлаас нь халахгүй байхыг хүсэн “аргалдаг” байсны хувьд ажилтан М цалингийн тодорхой хувиар торгуулах зэрэг арга хэмжээ авагдаад, ажлаа үргэлжлүүлэн хийсэн байжээ.
Талийгаач энэ зун архи уун, хоёр сарын хугацаанд ажлаа таслан алга болсон байна. Албан байгууллагаас нь өмнө нь хэд хэдэн удаа арга хэмжээ авагдсан тул Хөдөлмөрийн хуулиараа ажилтан М-ын халагдах тушаалыг гаргасан ажээ. Архи ууж явсан тул ийм шийдвэр гарсныг хот тохижилтын ажилтан М мэдээгүй байсан бололтой.
Хамгийн сүүлд, түүнийг архи уусан үед ар гэрийнхэн нь гэртээ цоожлоод, Хөтөл яваад өгчээ. Ирэхэд нь тэрээр хүзүүнээсээ оосорлож амиа алдсан байдалтай олдсон байна. Эх сурвалийн хэлж буйгаар, М нь ажлаасаа халагдсанаа гэнэт мэдээд, архи ууж, улмаар амиа хорлосон бололтой. Гэвч талийгаачийн гэр бүлийнхэн түүнийг гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэмээн үзэж, холбогдох газруудад гомдол гаргаад буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ