Өмнөговьчууд эсэргүүцлээ илэрхийлэв


Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт буюу Цагаан хадны гаалийн хяналтын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох шийдвэр гаргасан. Учир нь богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа учир Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл зогсоохоор болжээ.
Засгийн газрын энэ шийдвэрийг Өмнөговь аймгийн иргэд, нүүрс тээвэрлэгч жолооч нар, Цагаан хаданд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гаалийн хяналтын ажилчид зэрэг маш олон хүн эсэргүүцэж байгаа аж.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Гашуунсухайтын боомт 1992 онд нээгдсэнээс хойш Цагаан хад суурин бий болж, 2005 оноос гаалийн хяналтын талбай ажиллаж эхэлсэн. Арав гаруй мянган хүний ажил, амьдрал Цагаан хадтай холбоотой. Аливаа улс орон боомт хотоо хөгжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулдаг.
Орон нутгийн зүгээс тэрбум гаруй төгрөгийн төсөв гаргаж, Цагаан хадны сууринг тохижуулах, Ханбогд сумын Хайрхан багийг шинээр бий болгож, эмнэлэг, цагдаагийн газар байгуулах олон ажил хийж байгаа.
Мөн Сангийн сайдтай уулзаж, Цагаан хадны сууринг тохижуулах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах талаар ярилцаж байсан. Гэтэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаас хаах шийдвэр гаргасанд Өмнөговийн ард иргэд, аж ахуйн нэгжүүд дургүйцлээ илэрхийлж байна. Мөн Цагаан хадыг хааснаар нүүрсний экспорт эрс багасна гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ