Хорихоос суллагдсан этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ

Энэ сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайд алдагдсан хэрэг гарчээ.

Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасаг, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, НЦГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хэргийн мөрөөр шуурхай эрэн сурвалжилж, сэжигтэн Ж, Б нар дээрх хэргийг үйлдсэнийг тогтоосон байна.

Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд зохицуулан 4000 гаруй хоригдлыг суллаж, заримынх нь ялыг хассан. Дээрх хоёр сэжигтэн тэдгээрийн тоонд багтан Онцгой дэглэмтэй хорих ангиас суллагдаад, дахин гэмт хэрэг үйлдсэн нь энэ аж.

Тэд айлаас хулгайлсан буунуудаа ашиглан гэмт хэрэг хийж болзошгүй байсан тул ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрынхныг дайчилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ