Гар дээрээс наймаа эрхлэгчид тэмцэхээ мэдэгдэв

Өнөөдөр Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сан, Монголын худалдаачдын холбоо, гар дээрээс наймаа эрхлэгч иргэд хамтран мэдээлэл хийлээ.

“Хархорин” худалдааны төвийн гадна 300 гаруй иргэд жижиглэнгээр төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ойр зуурын хэрэгцээний бараа таваар зарж амьдралаа залгуулдаг байна. Тэд энэ бизнесээрээ хоногийнхоо хоолыг залгуулдаг. Оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийдэг цөөнгүй иргэд байдаг аж.

Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангийн тэргүүн С.Мишхээ: “Бид Баянгол Дүүргийн 20-р хорооны газар нутаг буюу “Хархорин” худалдааны төвийн орчимд гар дээрээс худалдаа хийдэг, хуулиараа бол нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй худалдаа хийсэн гэж нүд үзүүрлэгдэж байгаа иргэдийн төлөөлөл байна. Гудамж талбайд бусдад чичлүүлэн гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдийг хавчин гадуурхаж “Хархорин” худалдааны төвийн УЗЕЛ-ээр зарлан иргэдийг өдөөн турхирч зохион байгуулалтад оруулан иргэдийг талцуулан эвдрэлцүүлж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ийм үйл явдал боллоо.

Энэ явдлыг давтагдуулахгүйн тулд ЦЕГ асуудлыг шийдвэрлэж зохион байгуулсан эзнийг зохих хууль журмын дагуу тодруулж өгнө үү. Бид амьдрах эрхийнхээ төлөө явж байна. Цаашлаад гудамжны худалдаачид бид БГД-ийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын ордны гадна талбайд жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлж тэмцлийн хамгийн хурц хэлбэрт шилжинэ. Бидэнтэй хамтрах төрд дуу хоолойгоо хүргэх хүмүүсийг бид урьж байна. Бидний дуу хоолойг дэмжээрэй бид Иргэдийн шударга шүүх ТББ болон Худалдаачдын холбоонд хандсан байгаа” гэв.

Монголын Худалдаачдын холбооны тэргүүн И.Тунгалагтуяа: Өнөөдөр гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдийн 57,7 хувь өдрийн буюу хоногийн зээлтэй байна. Эдгээр иргэд банкнаас зээл авч чаддаггүй. Учир нь гэвэл хэт өндөр шаардлага тавьж барьцаа хөрөнгө шаарддаг. Өдрийн буюу хоногийн зээл авсан иргэдийн амьдрал 2-3 жилийн дараа тэр чигээрээ сүйрч гэр орон жижигхэн бичил бизнесээ хүртэл алдаж сэтгэл санаа болон бие махбодийн дарамтад ордог. Эдгээр хүмүүс өглөөний нарнаас оройн нарны хооронд амьдарч нийгмийн асуудалдаа анхаарал тавьж чадаггүй учир бидэнд хандсан юм. Бид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлнэ".

Ж.Шинэбаяр "Өнөөдөр Монгол улсад үндсэн хууль үйлчлэхгүй байна. Үндсэн хуулийн өөрчилнө гэж яриад л байх юм. Энэ хуулиа ядарсан иргэд бид хэрэглэж чадахгүй л байна. Учир нь ядарсан иргэддээ төр дэндүү хатуу ханддаг. Би өнөөдөр төр засгийн удирдлагуудаас нэг ч төгрөг гуйхгүй амьдралаа болгох гээд явж байгаа жирийн л нэг залуу. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдөр “Хархорин” худалдааны төвийн хамгаалагч, түрээслэгч нар гэнэтхэн гарч ирээд л гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдийн барааг газраар тарааж шидэн бидэнд багагүй хохирол учруулсан. Зэвсэггүй л байсан болохоос биш долоон сарын нэгэн шиг юм болсон. Би өөрөө повилон барьж 10 иргэнийг ажлын байраар хангасан. Тэгээд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулах гэж өчнөөн ажил жил хөөцөлдсөн. Өнөөдрийг болтол гараагүй л байна. Мөнгөтэй хүмүүсийнх нь гэрчилгээ амархан гардаг юм билээ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ