Ч.Бат-Эрдэнэ: “Оюутолгой”, “Эрдэнэс Оюутолгой”-н нийт өр 17 орчим тэрбум ам.долларт хүрсэн

“МОНГОЛ УЛС ХОСГҮЙ ОРД ГАЗРАА ГАДНЫ КОМПАНИД ЭЗЭМШҮҮЛЭЭД
ӨӨРӨӨ ӨРТЭЙ ҮЛДЭЖ БАЙНА-

Одоогоос найман жилийн тэртээ Оюутолгойн гэрээг сүр дуулиантайхан баталж байв. Тухайн үед эдийн засагчид Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээМонголын хувьд ашиггүй болсон талаар “тэнхээ мэдэн бархирсан” ч тусыг эс олсон билээ. Учир мэдэх хүмүүс, Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй, гадны хөрөнгө оруулагчдын дур сонирхолд хөтлөгдөн гэрээ байгуулснаараа эдийн засгийнхаа орон зайг хуваагаад хаячихсан гэж дүгнэж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Бямбасүрэн “Оюутолгойн гэрээг аваад үзэхэд, анхнаасаа манай хууль тогтоомжийг илт зөрчиж эхэлсэн. Хайгуулын ажил дуусаагүй байхад Оюутолгойд ашиглалтын лиценз өгөөд, түүнийхээ дараа техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад гэрээ байгуулсан. Ингэснээрээ Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан гэхэд болно.

Үүний эцсийн үр дүн орлого зарлагын талаасаа Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэж байна. Оюутолгойн орлого Монголд орж ирэхгүй. Гадны банкуудад эргэлдэнэ гэсэн гэрээ хийсэн шүү дээ. Мөнгө гадныхнаар эргэлдэж, үндсэндээ биднээр тохуурхаж байгаа хэрэг. Тэгэхээр Монгол зүгээр л зэс олборлож гаргаж байна, эдийн засаг өсч байна гэсэн тоо нь үлдээд, хүн ардын амьдралд наалдахгүй” хэмээн хэлж байсан юм.

2009 онд дээрх гэрээг үзэглэснээс хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхлоо. Математикч Ч.Бат-Эрдэнийн судалж тогтоосноор өнөөдрийн байдлаар “Оюутолгой”, “Эрдэнэс Оюутолгой”-н нийт өр ойролцоогоор 17.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа ажээ. Түүнтэй ярилцсанаа толилуулъя.

-БИДНИЙ БАЯЛАГ “РИО ТИНТО”-ГИЙН ҮҮСГЭДЭГ АСАР ОЛОН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨНД ӨДӨР, ШӨНӨГҮЙ УРССААР БАЙНА-

-Эдүгээ Оюутолгойн гэрээний үр, өгөөжийн талаар дуугарах хүн алга. Харин та энэ талаар хөндөх боллоо. Таныг цөөнгүй жил дээрх гэрээний дагуу судалгаа хийсэн гэж сонсоод ярилцахаар ирлээ. Тэртээ 2009 онд сүр дуулиан болж баталсан Оюутолгойн гэрээний хэрэгжилт одоо ямаршуу байгаа талаар сонирхъё?

-Оюутолгой төслийн бүтээн байгуулалт, менежмент зэрэг нь 2009 онд байгуулагдсан гэрээний дагуу яваад байгаа юм л даа. Мэдээж хэрэг “Рио Тинто” тэргүүтэй гадныхан монголчуудтай байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа. 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр С.Баярын Засгийн газрын байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” http://eot.mn/uploads/userfiles/files/02_ia.pdf”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” http://eot.mn/uploads/userfiles/files/03_sha.pdf гэсэн хоёр гэрээ бий. Бид 34 хувь гээд жаахан юм горьдоод байгаа. Гэтэл бидний “эсрэг” байгаа юм. Энэ дагуу Оюутолгойгоо хаяад өгчихөж байгаа юм уу, бүү мэд. Бүр сүүлдээ ойлгохгүй л байгаа юм.

-Таныг эдийн засаг талаасаа нэлээн нарийн судалгаа хийсэн байна гэж бодсон. Оюутолгойн гэрээ хэрэгжиж эхэлсэн цагаас манай улсад ашиггүй байна гэж та бичжээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Гэрээний заалтуудын дагуу санхүү, санхүүжилт, менежментийн төлбөр зэргийн үр дүнгүүдийг л тооцож үзсэн юм. Би бараг дөрвөн жил шахуу энэ гэрээг судалж байгаа. Өмнө нь ч энэ талаар ярьж байсан. Энэ хооронд ажиглаад л байсан. Жишээлбэл, 2013 онд бага хохирол гарлаа гэхэд өнөөдөр маш том тоо ярьж байна. Дараа жил бүр илүү их тоо яригдана. Өөрөөр хэлбэл энэ гэрээ ингээд үргэлжлээд яваад байвал улам их хохирол учрах гээд байгаа юм л даа. Би мэдээж хэрэг ойролцоогоор тооцож үзэж байгаа. Өдөр бүр тэр тоо хувираад, улирал улирлаар мэдээлэл авахад одоо жаахан түвэгтэй байгаа. Би 2010 оноос хойшхи бүх улирлын тайлан балансыг олж авч судалсан. Дээр нь тэднийхний хэрэглэж буй санхүүгийн механизм байна. Ерөөсөө манай байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаараа гадныхан яваад байгаа бол манайхан нэг гэрээ байгуулж аваад л хаячихсан.

-Өнөөдрийн байдлаар манай улсын алдагдал, хохирол их гарч байна вэ?

-Нийт хохирол гэж хэлэх үү, юу гэх вэ. Ямар ч байсан 17 орчим тэрбум ам.долларын өр үүсчихээд байгаа юм. Баталгаатай хэлэх юм гэвэл манай Монголын 34% буюу “Эрдэнэс Оюутолгой" компанийн өр хагас жилийн дотор 73.7 сая доллараар өссөн үзүүлэлттэй байна. Үндсэн өр 785.1 сая, хүү 342.6 сая доллар. Хүү гэдэг хийсвэр. Ингээд байхгүй юмаар өр нэмэгдээд байгаа байхгүй юу. Оюутолгой компани үндсэн хөрөнгийн бүтээн байгуулалт болон одоо үйл ажиллагаагаа дандаа зээлээр явуулдаг. “Рио Тинто”-гийн үүсгэдэг асар олон тэрбум ам.долларын өрөнд бидний баялаг өдөр, шөнөгүй урссаар байна.

-Оюутолгойн баялгийг түүхийгээр нь үнэлвэл хэд орчим тэрбум доллар болох вэ?

-300-400 тэрбум доллар гэсэн тооцоо бий. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх хангалттай их баялаг буюу энэ их бололцоон дээр бид толгойгоо зөв ажиллуулвал богино хугацаанд улсын дайтай улс болох боломж байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд Оюутолгойгоос хичнээн төгрөгөөр үнэлэгдэх баялаг гадагшилсан байдаг бол?

-2013 оноос хойш өнгөрсөн таван жилийн турш зэс, алт, мөнгө зэргээс бүрдсэн 10 орчим тэрбум ам.долларын баялаг монголчуудыг мэдээ ч үгүй байхад гадагшилжээ. Хамгийн гол нь ирэх жилүүдэд, ялангуяа далд уурхай бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэх үед гарах баялгийн тоо 4 дахин өснө. Одоогийн байдлаар жилд 2 тэрбум ам.долларын баялаг гарч байгаа бол цаашид нэг жилд 10 тэрбум ам.доллар болж өсөх юм.

-Анх Оюутолгойн гэрээ нэртэй ямар нэгэн бичиг баримт байхгүй тухай асуудал хөндөгдөж байсан санагдаж байна. Гэрээг англи хэл дээр л үзэглэсэн байдаг талаар та бодитой мэдээлэл олж авч чадав уу?

-Тийм ээ. “Оюутолгойн гэрээ” нэртэй ямар нэгэн бичиг баримт байхгүй. Монголын асар их баялгийг гадныханд найр тавих үндэслэл болсон хоёр гэрээ, нэг Дубайн гэрээ л бий. Хөрөнгө оруулалтын гэрээний (ХОГ) дагуу монголчууд баялгийн эзний бүх эрхээ “Рио Тинто" компанид шилжүүлсэн. Хэдий хэмжээг олборлох, хадгалах, худалдах, борлуулсан орлогоо хэрхэн зарцуулах гэх мэт эзний эдлэх бүр эрхээ гадныханд найр тавин өгсөн гэрээ бол энэ ХОГ юм. Хоёрт, дээрхээс ноцтой үр дагавартай дараагийн гэрээ нь “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэгч юм. Энэ удаа энэхүү “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-гээр монголчууд хэрхэн хохирч байгааг товчлон танилцуулъя. 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Хувь нийлүүлэгчдийн гэрээг засварласан 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ” http://eot.mn/uploads/userfiles/files/04_sha_.pdf -ний үр дүнд бидний асар их энэ баялаг санхүүгийн мөнгө хүүлэлтийн хийсвэр тооцоогоор цаг минут тутам гадагш сул урсаж байгааг бодохоор дотор харладаг юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь 66% эзэмшигч гадныхан, 34% эзэмшигч монголчуудын хоорон дахь хувь эзэмшил, санхүүжилт, ашиг хуваарилалт зэрэг бүхий л харилцааг зохицуулах зорилготой байгуулагдсан бөгөөд манай талаас “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Энэбиш гарын үсэг зуржээ. Оюутолгойн гэрээг өөрчлөх нь битгий хэл энэ тухай ярьж ч болохгүй гэж сурталддаг гадныхан өөрсдөө хүсвэл гэрээг дуртай цагтаа өөрчилж болдгийг 2011 оны 6 дугаар сард харуулсан юм. Энэхүү шинэ гэрээний дагуу “Оюутолгой” ХХК гэсэн Монгол улсын аж ахуйн нэгж өрөнд баригдаж, өтөнд идэгдэж байна. Учруулж буй хохирол үүсгэсэн өрийг тооцоолон гаргасан.

-“РИО ТИНТО” ОЮУТОЛГОЙ ХХК-ИЙГ ОЛОН УЛСЫН 20 БАНК, САНХҮҮГИЙН
БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ТАВЬСАН-

-Дубайн гэрээний тухайд анхаарал татах асуудал нь юу байсан юм бол?

-Гарын үсэг зурагдсан даруйдаа Монгол улсыг 10 тэрбум ам.доллараар хохироосон, цаашид бүр ч ихээр хохироох бас нэгэн харамсмаар бичиг баримт бол монголчууд “Дубайн гэрээ” http://eot.mn/uploads/userfiles/files/05_UGplan.pdf нэрээр мэдэх болсон “Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө” юм. Энэ тохиролцооны үр дүнд “Рио Тинто” өмнө үүсгэсэн өр зээлийн 4.4 тэрбум ам.долларыг “Оюутолгой” ХХК-иас авч, тус компанийг олон улсын 20 банк санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд тавьсан байна. Энэ бичиг баримтад гарын үсэг зурсан монголчууд Дубайд зөвхөн англи хувилбар дээр нь гарын үсэг зурснаа дэлхий даяар сүржигнэн зарласан шүү дээ.

-Уг нь Оюутолгой компани хөдөө орон нутагт овоо ажил хийгээд байна уу гэж харагддаг. Төсөл бага ч болов бидэнд үр өгөөжөө өгч байгаа юм биш үү?

-“Оюутолгой төсөл”, “Рио Тинто” говь цөлд асар том бүтээн байгуулалт хийж, монголчуудыг ажиллуулж, гайхамшгийг бүтээсэн нь үнэн мэт боловч бүх бүтээн байгуулалтын 90 хувь нь өрөөр бүтээгдсэн гэдгийг “Оюутолгой” ХХК-ийн тайлан, балансаас харж болно. Бизнесийн сонгодог утгаар бол Оюутолгой компани аль хэдийнэ дампуурлаа зарласан байх ёстой! Дээрх гэрээнүүдийн, ялангуяа 2011 онд өөрчлөлт оруулсан “Хувь нийлүүлэгчийн гэрээ” гэгчийн үйлчлэлийг нэн даруй зогсоохоос өөр “Рио Тинто”-д асар их ашиг өгч буй санхүүгийн луйврын “машин”-ыг хазаарлах арга байхгүй юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ