Б.Зундуй: Барилгын салбарт ажиллаж буй компаниудад өндөр нөлөөтэй гэрээ байгууллаа

Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж тэдгээрийн чанар чансааг ангилах, үнэлэх, салбартаа манлайлагчдад урам өгөх цаашлаад олон улсын тавцанд гаргах зорилготойгоор “MONGOLIAN PROPERTY AWARDS” арга хэмжээг “М Жи Эл Интернэшнл” ХХК хоёр жилийн өмнөөс зохион байгуулж иржээ.

Тэгвэл энэхүү ажлыг өргөжүүлэн PropertyGuru “Asian Property Awards” нь “Mongolian Property awards”-ыг албан ёсоор зохион байгуулагч “М Жи Эл Интернэшнл” ХХК -тай шинэ түншлэл байгуулж, Монголын дотоодын бүтээн байгуулагчдын ололт ажилтыг Азийн бүс нутгийн тавцанд таниулах ажлыг эхлүүлэн "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд өнөөдөр хоёр тал харилцан гарын үсэг зурлаа.

"PropertyGuru" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Terry Blackburn ”Энэхүү шалгаруулалтад үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажилладаг хэн ч оролцох боломжтой. Тиймээс бүртгүүлэхийг хүсэж байна. Бүртгэл дууссаны дараа шүүлтийн ажил явагдана. Гурван үе шатыг давж шалгарсан Монголын бүтээн байгуулагчид маань Сингапурт болох хоёр өдрийн арга хэмжээнд оролцоно.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсоноор салбарын томоохон хөрөнгө оруулагчтай уулзах, өөрсдийн төслөө танилцуулах, цаашлаад Монголын салбарт хөрөнгө оруулалтыг татахболомж дүүрэн байх юм.

Монголын барилгын салбар сүүлийн жилүүдэд нэлээн өндөр түвшинд хүрч байна. Ази номхон далайн хэмжээнд өрсөлдөж, өөрсдийгөөхаруулах боломжтой болж байгаагаараа онцлог юм” гэсэн юм.

"М Жи Эл" ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Зундуй “Монгол Улсын барилгын салбарт ажиллаж байгаа компаниудад маш өндөр нөлөө үзүүлэх боломжтой гэрээ байгуулсан гэж үзэж байна. Шилдэг бүтээн байгуулагчид энэхүү арга хэмжээнд оролцох эрх нээлттэй гэдгийг хэлмээр байна. Манай байгууллага өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шилдэг барилга шалгаруулах арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Үүний гол зорилго нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүтээн байгуулагчид, ханган нийлүүлэгчид, цаашлаад худалдан авагчид аль алиныг нь дэмжсэн, тэдгээрийн хоорондын өрсөлдөх чадварыг шинэ түвшинд гаргах зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан.

Шилдгээр шалгарсан байгууллагуудыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад гадаад хөрөнгө оруулалт, худалдан авалтыг татах зорилгын хүрээнд PropertyGuru “Asian Property Awards”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж байгаадаа баяртай байна” гэв.

Монголын бүтээн байгуулагчид 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр The PropertyGuru “Asia Property Awards 2017” дээр дотоодын төрөл бүрийн ангилал болох орон сууц, худалдааны сегмент болон дизайны төрлөөр өрсөлдөнө.

Ялагчид Азийн 17 бүс нутгийн зах зээлээс ирсэн ололтыг хамтдаа тэмдэглэх, Хонг Конг, Макао, Тайланд зэрэг улсаас ирсэн 400 орчим удирдах зөвлөлийн албан тушаалтантай уулзах боломжтой болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ