Дэлхийн цаа буга маллагчдын уулзалт боллоо


Швед улсын Ёоккмокк тосгонд наймдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Дэлхийн цаа буга маллагчдын зургаа дахь удаагийн чуулга уулзалт боллоо.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Монголын цаатны холбооны тэргүүн О.Батчулуун, Тайгын байгаль ТББ, цаатан иргэдийн төлөөлөл Г.Баасанхүү, С.Өлзийсайхан нар оролцсон байна.
Таван өдрийн турш үргэлжилсэн тус хуралд АНУ, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ, Норвеги, Финланд, Дани, Швед, Монгол зэрэг улс орны 400 гаруй цаатан иргэдийн төлөөлөл оролцож, цаатан иргэдийн ахуй амьдрал, тэдэнд тулгамдаж буй асуудал, цаа буга маллагааны арга барил, тэргүүн туршлага нэвтрүүлэх чиглэлээр санал, зөвлөмж солилцсон байна.
Цаатан иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлж, Дэлхийн цаатны холбооны ерөнхийлөгч Михайл А.Погадаевтай Монголын цаа бугын сүргийн тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, энэ бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг чадавхижуулах, цаа маллагааны шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад одоогоор 54 өрхийн 237 цаатан иргэн, 1970 толгой цаа буга маллан амьдарч байна. Сүүлийн жилүүдэд эрс цөөрөөд байсан цаа бугын тоо толгой нэмэгдэж, цаатан иргэдийн өвөрмөц ахуй, соёл дотоодын болон гадны жуулчдын сонирхлыг ихээр татаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ