Макро, микро түвшинд 20 алхам хийж байж зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна


Монгол Улсад зээлийн хүү өндөр байгаа учир, үүнийг хэрхэн бууруулах боломжтой талаар Голомт банкнаас мэдээлэл хийлээ.
Голомт банкны эдийн засагчид болон гадны мэргэжилтнүүдтэй хамтран зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулжээ. Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр одоо 19 орчим хувь байгаа банкны зээлийн дундаж хүүг тодорхой хугацааны дараа 9 хувь хүртэл буюу нэг оронтой тоонд оруулах боломжтой юм.
Энэ талаар Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг "Үүнийг бид бүгд нийтээрээ ойлгож, мэдэж, хэрэгжүүлж чадвал энэ зорилтод хүрэх боломжтой. Зээлийн хүү өндөр байна гэдэг нь улс орны эдийн засагт, компаниудын бизнест, иргэдийн санхүүд хүнд тусч байгаа. Зээлийн хүүг буруулах гол стратеги бол бидний баримтлах бодлого юм. Энэ бодлогын хүрээнд хэрэгжүүлэх алхмуудаа тодорхойлдог.
Монгол Улс 20 орчим алхмыг макро, микро эдийн засгийн түвшинд хийж байж зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж бууруулах боломжтой юм.
Зээлийн хүү өөрөө эдийн засгийн эрүүл мэндийг харуулдаг. Хүү өндөр байдаг шалтгаан нь манай эдийн засаг суурь "өвчтэй" болсон байна. Тухайлбал, төгрөгийн ханш гадаад вальютын эсрэг байнга сулардаг.
Өнгөрсөн 27 жилийн турш төгрөгийн ханшийг гадаад вальютын эсрэг хамгаалахын тулд төгрөгийн үнэ болох хүүг зориуд өндөр түвшинд барьж ирсэн. Өнөөдөр банкууд дээр төгрөгийн хадгаламж жилийн 15 хувьтай бол долларын хадгаламжийн хүү жилийн 6 хувьтай байна. Хэрвээ бид төгрөгийн хадгаламжийг хүчээр 6 хувь болгож буулгалаа гэж бодоход хадгаламж эзэмшигчид төгрөгийн хадгаламжаа зараад долларын хадгаламж нээнэ. Энэ нь манай иргэдийн төгрөгт итгэх итгэл сул байгааг харуулж буй юм" гэв.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ