Хурд хамтлаг: Тоглолтын орлогоо Онцгой байдлын албанд хандивлана

“Хурд” хамтлагийн санаачилчаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг ирэх есдүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээллээ.

Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Онцгой байдлынхандаа туслах, эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах зорилготой тоглолтыг хийхийн тулд нэлээд цаг хугацаа зарцууллаа. Энэ жил гал түймрээс болж маш их хохирол амссан.

Энэхүү хохирлыг нөхөх, Онцгой байдлын хамт олондоо туслах нэг арга бол ая дуугаа өргөх юм гэсэн үүднээс уран бүтээлчдээ уриалаад энэхүү тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тиймээс иргэд, үзэгч сонсогчдоо хүрэлцэн ирэхийг урьж байна. Бид энэхүү арга хэмжээг энх цагийн дуудлага гэж бодож байна.

Төв цэнгэлдэхэд хамтдаа эх орныхоо төлөө нэг үдшийг дуулж хуурдан өнгөрөөцгөөе. Энэ намрын хамгийн том тоглолт энэ байх болно гэдгийг нэмж хэлье" гэсэн юм.

Хурд хамтлагийн соло гитарчин Д.Отгонбаяр "Тоглолтыг маш олон хүн дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал хувь хүн, албан байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэн энэ тоглолтыг зохион байгуулахад хувь нэмэр оруулж байгааг хэлмээр байна" гэв.

Нийслэлээс мөн дэмжиж ажиллаж байгаа аж. Тухайлбал, хөгжим техник хэрэгсэл, тайз гэх мэт зүйлсийг бүрэн хангаж өгч байгаа юм байна.

Хурд хамтлагийнхан тоглолтын бүх орлогыг Онцгой Байдлын Ерөнхий газарт хандивлана. Олсон орлогоо олон нийтэд нээлттэй зарлана гэдгээ хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ