Цахим дугаар олголтын туршилтыг өнөөдөр хийнэ


АМГТГ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/130 тоот тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хөдөлгөөн хийхтэй холбоотой өргөдлийн бусад маягтын загварыг батлуулан байгууллагын цахим хуудсанд байршуулсан.
Үүний зэрэгцээ цахимаар дугаар авсны дараа УУККС-ийг ашиглан өргөдлийн талбайг тодорхой хугацаанд /15 минут/ багтан бүртгүүлэх болон түүнийг хянах програм хангамжийг хөгжүүлж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар цахимаар авах арга, аргачлал болон өргөдлийн талбайг УУККС-ийг ашиглан бүртгүүлэх талаар олон нийтийг хамарсан сургалтыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийт 10 удаа зохион байгуулсан бөгөөд түүнд 1000 гаруй оролцогч хамрагдсан.
Агентлагийн төв байранд тусгайлсан үйлчилгээний танхимыг тохижуулан, компьютер, хяналтын камер, дэлгэц зэрэг техник тоног төхөөрөмжөөр тоноглон бэлтгэл ажлыг хангасан.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаанд оролцох ААН-ийн бүртгэлд нийт 2080 аж ахуй нэгж бүртгүүлсэн бөгөөд Үндэсний дата төвд байрлах цахим дугаарын системээс тухайн аж ахуй нэгжүүдэд системд нэвтрэх эрх өгсөн.
Улмаар дугаар олголтыг шударгаар ил тод, нээлттэй, аюулгүй явуулахын тулд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Агентлагийн дотоод хяналтын болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ийнхүү наймдугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад цахим дугаар олгох үйл ажиллагааг эхлүүлсэн боловч техникийн саатал гарсныг, үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж байсан мэдээлэл технологийн ажлын хэсгийн гишүүдийн хоёр удаагийн шуурхай хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосон.
Наймдугаар сарын 11-ний өдрийн үйл ажиллагаанд гарсан техникийн саатлын шалтгаан, үр дагаврыг дээр дурдсан хамтарсан ажлын хэсэгт орсон мэдээлэл технологийн мэргэжлийн гишүүд, мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу өргөдлийн дугаарыг цахимаар олгох программ хангамжийг хөгжүүлсэн гүйцэтгэгч компани засварыг хийхээр цахим дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан.
Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг эхлүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагаас 16.10 цагийн хооронд ээлжит нээлттэй туршилтыг хийхээр шийдвэрлээд байна.
Энэхүү нээлттэй туршилт нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн систем дэх засварын хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор хийгдэх гэж байгаа бөгөөд дугаар олгох үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлэн нэвтрэх эрх авсан ААН-үүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим систем олгох ажлын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах зорилгоор Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн мэдээлэл, холбооны газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй тус тус хамтран ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ