Д.Нямдаваа: нийт 3,631 иргэнд эзэмшиж буй газрыг нь өмчлүүлнэ


Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг хэрэгжүүлэх аж. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Тус аян есдүгээр сарын 4-өөс эхлэх ба газар өмчлүүлэх боломжтой 79,985 нэгж талбар байгаагаас эхний ээлжид 3,442 нэгж талбар хамрагдах юм.Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын суурьшлын нэг, хоёрдугаар бүсэд хамаарах 43 хорооны нэгж талбарт ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аж.
Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал, зөвлөмж өгч, Газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрд очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм.
Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч, өмчлөн аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломж бүрдэж байна.
Нийслэлийн Газрын Албаны орлогч дарга Д.Нямдаваа "2017 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр нийт 3,631 иргэнд эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх зориулалтаар тусгасан.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын есөн удаагийн захирамжаар нийт 2,351 иргэнд, 130.11 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байна. Газрын маргаантай, мөн гуу жалга, үер усны аюулд өртөх боломжтой байрлалд буусан, ундны усны хамгаалалтын бүсэд орсон айлууд хамрагдах боломжгүй.
Харин хамгаалалтын бүсээс гаргаж өмчлүүлэх боломжтой айл болгоноор орж, тайлбар зөвлөгөө өгөх ажлыг хийнэ" гэлээ. Мөн зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, орц, гарц шийдвэрлэх зөрчил арилгах ажлыг иргэдтэй зөвшилцөх маягаар шийдвэрлэх аж.
Аянд хамрагдсан 3,442 нэгж талбарт:
- Сонгинохайрхан дүүрэгт есөнхорооны 366,
- Хан-Уул дүүрэгт хоёр хорооны 13,
- Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2,251,
- Баянгол дүүрэгт долоон хорооны 269,
- Чингэлтэй дүүрэгт зургаан хорооны 209,
- Сүхбаатар дүүрэгт дөрвөн хорооны 334 нэгж талбар багтсан байна.
Цаашид үлдсэн 76,543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн газрын албатай хамтран 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ