Ч.Саранзаяа: Прокуророос хэргийг дахин шалгах хариу ирэхэд итгэл төрсөн

Ч.Саранзаяатай уулзаж, хэргийн явц болон Улсын ерөнхий прокуророос энэ сарын 24-ний өдөр албан бичгээр хариу ирсэн талаар ярилцлаа.

Улсын ерөнхий прокуророос өмнөх хүчингүй болсон албан бичгийг үндэслэлгүй хэмээн үзэж, дахин хэргийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ. Ийнхүү олон сар үргэлжилсэн УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг эцэслэн шийдэгдэх бололтой.

-Прокуророос хариу албан бичиг ирүүлсэн гэлээ. Одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх үү?

-Долоон сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл дагуу өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр Улсын ерөнхий прокуророос манай дүүд албан бичгээр энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгуулахаар шилжүүллээ хэмээсэн бичиг ирлээ. Өмнө нь Баянзүрх дүүргийн прокуророос уг хэрэгт эрүү үүсэх үндэслэлгүй гэж үзээд хаасан. Үүний дараа дээд шатны байгууллага болох Улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасан юм. Хоёр хоногийн өмнө манай дүү рүү ярьж “Хариу албан бичгээ удахгүй өгнө” гэж байсан. Тэгээд анх энэ хэргийг авсан прокуроор хувийн шалтгаанаар энэ хэргийг авахгүй гээд өөр хүнд шилжсэн гэсэн. Одоо н.Хишигжаргал гэдэг прокурор хэргийг шалгаж эхэлсэн учраас тухайн хэрэгт холбоотой бүх бичиг баримт болон нотлох баримтуудыг авчир гэсэн. Манай дүү өөрийн биеэр уулзаад, нотлох баримтуудаа хуулбарлаад өгсөн. Өнөө өглөө манай дүү хариугаа өөрөө орж авсан. Энэхүү бичиг ирсэнд жоохон ч гэсэн итгэл төрж байна. Гэхдээ одоо энэхүү хүчингийн хэрэгт шууд эрүү үүсэхгүй. Яагаад гэхээр эхлээд гэмт буруутай этгээдийг үнэхээр гэмт буруутай юу гэдгийг тогтооно. Дараа нь эрүүгийн хэрэг үүсэх эсэхийг шийддэг болсон байна лээ. Хэрэв гэмт буруутай нь тогтоогдох юм бол эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдана. Одоо хэрэг бүртгэл үүссэн байгаа гэсэн үг. Шүүх эмнэлэгт яг хэн гэдэг хүн нотлох баримтыг устгасныг тогтооно. УИХ-ын гишүүн Д.Гантулга эзэн холбогдогч нь өөрөө байхад яагаад хэрэг бүртгэл үүсгэж байгаа их сонин байна.

-Улсын прокурор дээр хэрэг хаагдсан бол яах байсан бэ?

-Энэ байгууллагаас ирэх хариу миний болон манай дүүгийн итгэл найдвар байсан. Хэрэв Улсын прокурор дээр хэрэг эрүү үүсэхгүй гээд хаагдсан бол яах байсан юм бол бүү мэд.

saranzaya

-БҮХ ИЛГЭЭСЭН ХҮСЭЛТИЙН НЭГ Ч ХАРИУ ИРЭЭГҮЙ-

-Та хамгийн анх хэрэг гарсны дараахан МАН-ын даргад гишүүнд хариуцлага тооцуулах бичиг явуулсан шүү дээ. Тэрхүү бичгийн хариу ирсэн үү?

-Тэр хариу одоо хүртэл ирээгүй л байна. Хуулийн дагуу албан бичиг хүсэлт илгээсний дараа хариу албан бичиг шийдвэрлэх хуулийн хугацаандаа ирүүлэх ёстой шүү дээ. Гэтэл одоо хүртэл ямар ч хариу байхгүй таг чиг л байна. Би МАН, ЦЕГ-ын гэрч хохирогчийг хамгаалж өгөөч гээд хоёр удаа бичиг хүсэлт илгээсэн. Одоогоор нэг ч хариу ирээгүй байна. Хариу өгөхгүй болохоор нь дахин өгсөн. Шүүх эмнэлгийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Танай байгууллага үнэн талд, шударга ёсыг дээдлээд ажиллаж өгнө үү. Мөн гэрч хохирогчийг хамгаалж өгнө үү гэж хүссэн юм. Ямар ч хариу ирээгүй байна. Мөн Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хүсэлт өгсөн. Би болон манай өмгөөлөгч байж болох бүх газарт хандсан. Харин ганцхан Улсын ерөнхий прокуророос хариу ирүүлсэн байна.

-Та сүүлд хэвлэлийн хурлын үеэр 500 сая төгрөг авсан хэмээн намайг гүтгэсэн гэж мэдээлсэн. Тэр асуудал юу болов?

-Болор сэтгүүлч гэсэн фэйсбүүк хаягаар намайг анх 500 сая төгрөг авсан гэж бичиж, олон хуудсаар тараасан байсан. Үүнийг зөрчлийн тухай хуулиараа зохих шатны байгууллагад өгч шалгуулна. Өгөхөөс өөр арга байхгүй. Яг миний өөрийн фэйсбүүк хуудсыг блок хийгээд хаасныхаа дараа тэгж гүтгэсэн.

-Фэйсбүүк хаасныг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Хандаагүй байна. Одоо хандана гэж бодож байгаа. Мөн гүтгэлэг явуулсан гэдэг талаараа өгнө. Хуулиараа цаанаас намайг хүссэн хүсээгүй энэ хэрэгт оролцсон хүмүүс, хүчингийн хэргийг нуун дарагдуулахыг оролдсон, Д.Гантулгад давуу байдалд үзүүлсэн албан тушаалтанууд, хэргийг нуун дарагдуулахад туслалцаа үзүүлсэн найз нөхөд, ажлын газар, дээрээс нь нийлж хүний нэр төрд халдсан тэр хүмүүсийг шалгуулж таарна. Өнөөдрийг хүртэл зорилготойгоор намайг гүтгэсэн хүмүүс маш олон байгаа. Яг өнөөдрийн байдлаар эхний ээлжинд цагдаа дээр нэрийг нь гаргаж өгөх найман хүн байна.

saranzaya

-АТГ АВЛИГА ӨГСӨН АВСАН ЭСЭХ НЬ ТОГТООГДООГҮЙ ГЭСЭН-

-АТГ-т Шүүх эмнэлгийн удирдлагуудыг шалгуулахаар өгсөн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?

-АТГ-аас хуулийнхаа тав хоногийн хугацаанд шалгаж дууссан. Авлига өгсөн авсан нь эцсийн байдлаар тогтоогдсонгүй. Зарим нэг албан тушаалтануудаас мэдүүлэг байцаалт аваагүй байсан. Яагаад байцаалт тайлбар аваагүй талаар лавлахад шалгах тав хоногийн хугацаанд тэр байцаалт өгөх хүмүүс олдоогүй, утас нь холбогдохгүй байсан, мөн дуудсан ч ирээгүй зэрэг шалтгаанаар шалгах хугацаа нь дуусаад тогтоогдсонгүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ шүүх эмнэлгийн зарим нэг эмч нарын өгсөн “Үнэхээр нотлох баримт болон эмнэлгийн дүгнэлтийг өөрчилсөн” гэсэн мэдүүлгийг үндэслэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шалгуулахаар шилжүүлсэн байсан. Тэр нь юуг шалгах вэ гэхээр шүүх эмнэлэг дотроос эмч нар нь өөрсдөө хариу анхандаа өөр байж байгаад сүүлдээ өөр болсон, хэн гэдгийг нь мэдэхгүй гэсэн мэдүүлэгт үндэслээд хэн тэр нотлох баримт устгасан болон хэн тэр эмнэлгийн хариуг өөрчилснийг тогтооно гэсэн үг. Албан тушаалаа ашиглаад, хариуг өөрчилсөн нь тогтоогдъё гэж бодъё. Гэтэл эргээд АТГ-т шалгахаар болно. Яагаад гэхээр энэ нь албан тушаалтан болон авлигатай холбоотой хэрэг. Албан тушаалын хэргийг АТГ л шалгана шүү дээ. Гэтэл АТГ ядаж Д.Гантулгыг ирж мэдүүлэг өг гэж хэлсэн эсэх нь бас л тодорхойгүй байна.

-Өөрт чинь шүүх эмнэлгийн эмч нарын гарын үсэгтэй дүгнэлт байсан. Тэр эмч нарыг шалгаагүй юм уу?

-Мэдэхгүй. Яг хэнээс авсан, яаж шалгасан нь тодорхойгүй байгаа. Гэхдээ АТГ ямар нэгэн авлига өгсөн авсан нь тогтоогдсонгүй. Харин яг энэ шүүх эмнэлгийн дэвтрийн бичиг болон дүгнэлтийг өөрчилсөн байж болзошгүй гэж үзээд, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

-Хэргийн хохирогч болох танай дүү Ч.Наранзаяа та хоёроос мэдүүлэг авсан гэсэн?

-Тийм. Дүү бид хоёроос мэдүүлэг авахдаа хууль уншуулаад “Та хоёр дуудсан цагт ирж мэдүүлэг өгөхгүй бол албадан баривчлагаа хийнэ” гэсэн. Би гэрчийн хувиар мэдүүлэг өгч байгаа. Гэтэл надад хүртэл тийм хуулийн заалт уншуулаад, гарын үсэг зуруулж, дүү бид хоёроос мэдүүлэг авчихаад яагаад Д.Гантулга гишүүнийг шалгах хугацаанд нь ирж мэдүүлэг өгөхгүй бол албадан баривчлагаагаар авчирч мэдүүлэг авч болоогүй юм бэ? Яагаад тэр шүүх эмнэлгийн шинжилгээний хариуг өөрчилсөн эмч нараас албадан мэдүүлэг аваагүй юм бэ? Бид хоёрт уншуулаад гарын үсэг зуруулсан тэр хуулийн заалтаа яагаад тэдэнд хэлээгүй вэ гэдэг сонин байна.

-Энэ хүчингийн хэргийн цаана их олон хүн, нам нь гишүүндээ хариуцлага тооцоогүй асуудал бас яригдана. Үнэхээр МАН өөрийн гишүүнээ хамгаалаад байна уу?

-Энэ хэрэг анх шалгагдах үед сонгууль болж байсан. Намайг хүмүүс энд тэндээс их хэмжээний мөнгө аваад яваад байгаа гэж гүтгээд байгаа. Гэтэл ийм хэрэг үүснэ гэдгийг гадарлаж байсан. Сонгуулийн үе таарчихлаа. Мөн бид хоёроос хамаарахгүйгээр энэ хэрэг их өндрөө авчихлаа. Бид хоёр өөрсдөө дуугарахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн. Өөрсдөө дээрээс нь хүн гүтгэсэн хэрэгт унахад хүрээд байсан. Тэгээд сөхөөд явах үед маш их дайрсан. Тухайн үед манай найзын дүү Ану болон манай найз Цэрмаа хоёр хүн нүүрээ гаргаж байгаад гүтгэлэг хийсэн. Ану гэх охины зариг.мн-д өгсөн худал ярианаас болж манай дүү амиа хорлох үйлдэл гаргаж гараа зүссэн шүү дээ. Тэр хэрэг бол байж болохгүй. Хоёр найзыг хооронд нь хагаралдуулж, нэгийг нь нөгөөгөөр нь муулуулж, лайв хийчихээд зарим нэг сэтгүүлч зөв юм хийсэн юм шиг ярьж байгаа нь маш харамсалтай. Сэтгүүлчийн ямар ч ёс зүйгүй. Цаанаа ямар нэгэн асуудал байгаа болоод л ийм хэрэг хийж байгаа гэж харж байгаа. Гэхдээ би хүн гүтгэхгүй. Өдий хүртэл олон хүн байж болшгүйгээр гүтгэж харааж доромжилсон ч би хүн гүтгэхгүй. Намынх нь хувьд би мэдэхгүй байна. Би анхнаасаа улс төржүүлээд нам дагаад гүйсэн бол энэ үнэн гэдэг зүйл өөрөө үнэ цэнэгүй болно. Тиим учраас болгоомжтой хандаж ирсэн. Өнөөдрийг хүртэл надад намуудаас хандалт ирээгүй биш ирсэн шүү.

saranzaya

-Ямар хандалт вэ?

-Тэрийг шууд тодорхой хэлж, улс төрийн асуудалд хутгалдмааргүй байна. Би аль аль талаас нь маш их айсан. Зүгээр л олон түмэн мэдээд зүтгэж байхад болж л таараа. Тэрнээс аль нэг нам дагаад, аль нэг хүний үгээр явсан бол болохгүй шүү дээ. Би Д.Гантулга гишүүнийг С.Хүрэлсүхийн фракцийн хүн гэж сүүлд мэдсэн. Хүрэлсүх үнэхээр Гантулга гишүүнийг хамгаалж байсан уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ сонгуулийн үеэр яагаад заавал тэр хүнээ хамгаалж, хоёр ядарсан охин руу тэгж их дайрав. Бид хоёрын зургийг тавиад, маш олон хүнтэй уулздаг гэх зэргээр доромжилж гүтгэсэн. Олон хүний нууц амраг гэх зэргээр аймшигтай гүтгэсэн. Хүмүүсийг хариуд нь баримтаа гаргаад ир л гэж хэлдэг. Гүтгэсэн хүмүүс тэгээд алга болоод байсан шүү дээ.

-Таньд шүүх эмнэлгээс нотлох баримтууд ирсэн. Хүмүүс энэхүү нотлох баримтыг таньд хэрхэн яаж ирсэн гэдэгт эргэлзэх хүн олон байна?

-Тийм. Тэгж хардах эрх хүн бүрт бий. Гэхдээ би их мөнгөтэй хүн биш. Тэр хүн надад тэр нотлох баримтыг өгөөд надаас юу горьдох юм бэ. Саранзаяа өнөөдөр хэн ч биш. Үнэхээр хуулийн байгууллагад үнэнч хүн байдаг гэдгийг харуулж байна шүү дээ. Үүнийг хүмүүс улс төр авлигын хэргийн асуудалтай дахиад л холбож байна. Би авлига өгөх оролдлого хийгээгүй. Яг одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шүүх эмнэлгийн нотлох баримтуудыг устгах гэж оролдсон болон дүгнэлтийг өөрчилсөн хүмүүсийг барих гээд байна уу? Шүүх эмнэлгээс нотлох баримтууд устгуулахгүй, харин над руу үнэн шударгын төлөө явуулсан тэр ажилтанг олох гээд байна уу гэдэг нь бас сонин байна. Уг нь гэм буруутай этгээдийг тогтоох гэж явах ёстой. Гэтэл нотлох баримт яг яаж чам дээр ирсэн бэ л гэдэг асуултыг байцаагч надаас асуугаад байна. Хэн өгсөн бэ л гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр нь би тэр байцаагчид хэлсэн “Та нар яг шударга байдлыг тогтоохын төлөө ажиллаад байна уу? Нотлох баримт над руу илгээсэн хүнийг олох гээд байгаа юм уу? Бас арай дэндэнээ” гэсэн. Зөвхөн тэр хүнийг ил болгох гээд байна. Тэр хүнийг барьж яг яах гээд байна?

-Та өөрт байгаа нотлох баримтуудаа яах бодолтой байна?

-Одоо энэ хэрэгт хэрэг бүртгэл үүсэн байна. Энэ хэрэг шалгагдаж явж байгаад эрүүгийн хэрэг үүссэний дараа дахин нотлох баримтуудыг эхнээс нь шалгах байх. Ингэхдээ зүгээр нэг шинжээчийн баг биш, харин бүрэлдэхүүнтэй ажиллах баг томилогдвол нотлох баримтуудаа гаргаж өгнө өө гэж бодож байгаа.

-Нотлох баримтаа дахин шинжлүүлээ юү?

-Би уг нь хувиараа гадны улсад нотлох баримтаа шинжлүүлнэ гэсэн. Гэтэл өөр улсад зөвхөн манай улсын хуулийн байгууллагаар дамжиж очсон баримтыг л жинхэнэ нотлох баримт гэж үзэх юм байна. Тэгэхээр би өөрөө яваад өөрт байгаа нотлох баримтуудаа гадны улсад шинжлүүллээ гэхэд тэрийг нотлох баримт гэж тооцохгүй гэсэн үг. Цагдаагийн байгууллагаар дамжуулах хэрэгтэй юм билээ. Энэ хэрэг чинь өөрөө манай улсын нэр хүндтэй хамааралтай хэрэг болно. Монгол гэсэн нэр л гарна. Тийм болохоор тогоон дотроо үнэн зөвөөр шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг л анхнаасаа гаргасаар ирсэн.

-МАНАЙ ДҮҮ “НАР ГАРЛАА” ГЭСЭН ПОСТ ОРУУЛСАН БАЙСАН-

-Танай дүү энэхүү хариу албан бичгийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Өнөөдөр манай дүү урам орсон байх. Өөрийн цахим хуудсан дээрээ “Нар мандлаа” гээд пост оруулсан байсан. Энэ хэрэг бүдгэрэх тусам түүнд хэцүү байгаа нь харагдаж байгаа. Харин хэрэг шалгагдаад ирэхээр нэг өөр хандаж хүлээж авч байна лээ. Манай дүү хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн өдрөө сэтгэл санаа нь маш хүнд байгаа нь харагддаг. Түүнийг харахад надад маш хүнд байна. Гэхдээ манай дүү надад хэлэхдээ би өөрөө бүх мэдүүлгээ өгнө. Шүүх хуралд ч оролцоно гээд байгаа, их тэвчээр харагдаж байна.

-Таны эцсийн зорилго?

-Хүнд мөнгөөр үнэлшгүй үнэт зүйл гэж байдаг. Энэ хэрэг нийтэд тарсанаараа нутаг усны болон эцэг эхийн нэрийг гаргаад, манай дүү бид хоёрыг өнөөдөр хэн болтол нь гүтгэж доромжилсон билээ. Нэгдүгээрт, нэрээ цэвэрлэнэ. Мөн энэ хэрэг эцсийн байдлаар шийдэгдэх юм бол бага ч гэсэн сэтгэл онгойх болно. Дээрээс нь олон хүнд хүрсэн хэрэг юм. Өмнө нь яг энэ төрлөөр хохирсон иргэд өнөөдрийг хүртэл ийм хэмжээнд хүртэл ингэж явж байгаагүй. Хүчингийн хэргийн хохирогч болсон олон эмэгтэй надад хандаж байгаа. Жирийн иргэд ч гэсэн эцсийг нь хүртэл яваарай гэж байгаа. Тэр олон хүний итгэл байна. Одоо ухрах ямар ч нөхцөл байхгүй. Монголд үнэн юм гэж байгаа юм уу гэдгийг хармаар байна. Монгол эмэгтэйчүүд хүчиндэгч этгээдүүдтэй тэмцэхгүй өнгөрөөснөөрөө өөгшүүлээд давраасан. Яагаад тэмцэж болохгүй гэж. Тэр хүмүүст энэ хэрэг болохгүй шүү гэж мэдрүүлэх хэрэгцээ шаардлага байна шүү дээ.

-Гантулга гишүүн таньтай дахин холбогдсон уу?

-Нотлох баримт байхгүй байгаа гэж бодож байсан, тэр хүн. Гэтэл танай дээр өнгөрсөн сард өгсөн ярилцлагаар нотлох баримт надад бүрэн эхээрээ ирснийг дэлгэсэн. Энэ хэргийг шалгаж байхад хамгийн анх удаа бүрэн эхээр нь прокурорт гаргаж үзүүлсэн. Гэтэл тэр орой нь нотлох баримт байна гэдгийг Гантулга мэдчихээд манай байрны гадна машин нь зогсож байсан. Зугтаад байсан хүн өөрөө ирчихсэн байсан. Мөн манай байрны гадна хар өнгийн машин зогссон байсан. Тэр машин дотор хоёр залуу байсан. Хажуугаар нь өнгөртөл нуугдаад, сандалаа бууллгаад хэвтээд өгсөн. Би их гайхсан. Цаана нь гишүүний машин байсан. Гараад ирвэл уулзъя гэсэн чинь гарч ирээгүй хоёр цаг тэнд байсан.

-Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн. Үнэн үү?

-Үнэн. Хэвлэлийн хурал зарлаж юу болоод байгааг эхнээс нь хэлнэ. Ямар хариу ирсэн талаар ч хэлнэ. Намынх нь зүгээс ямар арга хэмжээ авахыг одоо харна.

-Та энэ хэргийг үнэн зөв шийдэгдэх байх гэж харж байна уу?

-Одоо нэгэнт хуулийн байгууллага шалгах хэрэгтэй гээд шалгаж эхэлж байгаа юм чинь үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж бодож байна. Д.Гантулга гишүүн огцроод, хариуцлгагаа хүлээгээд, ялаа эдлэх байх гэж бодож байна. Би тэгэх хүртэл нь явна. Эцсийг нь үзнэ.

-Та энэ хүртэл явахдаа ер нь шантрсан уу?

-Нэг л удаа шантарсан. Яг дүүгээ гараа зүссэнийх нь дараа би дүүдээ “Одоо болих уу?” гэж уйлалдаад ярилцаж байсан. Гэтэл манай дүүү “Үгүй, энэ хүртэл явсан юм чинь болихгүй” л гэж хариулсан. Тэгээд би үргэлжлүүлж тэмцсээр байна. Миний ард миний дүү маш их зориг гаргаж байна. Миний дүү өөрөө болино гэвэл би ингэхгүй. Үүнийг хүмүүс ойлгохгүй байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ