“Жи тайм”-тай төстэй сүлжээнүүдийн эздийг шалгаж байна

Маш богино хугацаанд монголчуудыг “мөлжсөн” хамгийн том луйвраар “Жи тайм” сүлжээ тодорсон. Хэдэн мянган хүнийг хохироосон энэхүү сүлжээг Монголд анх Марат гэгч оруулж ирэн, иргэдийг гишүүнээр элсүүлж, их хэмжээний бэлэн мөнгө залилан мэхэлж авсан байдаг.

Тус сүлжээнийхэн 130 мянга, 390 мянга, 779 мянга, 2 сая 300 мянган төгрөгөөр бараа бүтээгдэхүүн авах нэрийдлээр олон шатлал бүхий пирамидын тогтолцоо үүсгэн иргэдийг гишүүнээр элсүүлдэг. Улмаар сүлжээнд элссэн гишүүн дороо дахин гишүүн элсүүлснээр багцаасаа хамаарч 268 мянган төгрөгөөс 19 сая 900 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж “молиго үмхүүлж” чадсан байдаг.

Асар богино хугацаанд зовлонгүй мөнгө олох гэж улайрсан хүмүүс хууль хяналтын байгууллагаас анхааруулж сэрэмжлүүлээд байсан атал л “Жи тайм” сүлжээ рүү хошуурч, үнэтэй цайтай бүхнээ зарах нь зарж, ломбардахыг нь ломбардаж, бүр өөрийн болон хамаатан сайдныхаа орон байрыг тавиад туучихсан гашуун түүх бий юм. Эл сүлжээний улмаас нийт 17 мянга орчим монгол иргэн хохирсон албан бус мэдээлэл бий.

Энэ байдлаар иргэдээс ихээхэн хэмжээний мөнгө залилан мэхэлж авсан “Жи тайм корпорэйшн” ХХК-ийн гэх тодотголтой эрүүгийн хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх тасагт шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийг хүртэл дээрх сүлжээний улмаас хохирсон иргэдийн гомдол мэдээлэл тасрахгүй байгаа бөгөөд бүх хохирогчийн өргөдлийг авч дууссаны дараа холбогдох шат шатны байгууллагуудад асуудлыг тавих талаар эх сурвалж мэдээлэв.

Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат “Сүлжээний бизнес нэрийн дор иргэдээс богино хугацаанд мөнгийг нь өсгөж өгнө, байр машинтай болгоно” гэх зэргээр итгэлийг нь олж, их хэмжээний мөнгө залилан мэхэлж авсан үйлдлүүд тогтоогдон шалгагдаж байна” гэж мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа нь үргэлжилж буй юм. Гэвч “Жи тайм” сүлжээг Монголд оруулж ирж, хэдэн мянган хүнийг эд хөрөнгөөр нь хохироож, санхүү эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд оруулаад буй гэгддэг Ж.Маратын биеийн байдал муудсан нэрээр эмнэлэгт хэвтэж, наадмын өмнө батлан даалтаар гарснаасаа хойш ор сураггүй алга болсон мэдээлэл байгаа юм.

“Жи тайм”-аас гадна бас Шарай гол, “Ультиматциклер” зэрэг сүлжээний бизнес цэцэглэж, түүнийг эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хориглож, эздэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мөн Onecoin, Bitcoin, Xoox, Алтан өндөг, Их Баяндалай, Ерхөг, Үүдэл эс буюу Phyto Science зэрэг сүлжээ олон нийтийн сүлжээгээр үйл ажиллагаагаа хууль ёсны хэмээн сурталчилсаар буй юм байна. Тэд “Жи тайм” сүлжээ шиг бусдыг элсүүлснийхээ төлөө богино хугацаанд их мөнгөтэй болно хэмээн иргэдэд их хэмжээний мөнгө амалж байжээ.

Монголд давхардсан тоогоор 60 мянга орчим иргэн сүлжээний бизнест элсэн орсон, үүнээс хоёроос найман сүлжээнд давхар элсэн орж, энэ чиглэлээр идэвхитэй ажилладаг 5000 орчим иргэн байгаа гэсэн албан бус тоо байдаг аж.

Манай улс сүлжээний бизнесийг хуулиар хориглосон. Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж авах, 10-аас дээр 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд амар хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болно гэж бодолгүй, элдэв пирамид тогтолцооны аргаар иргэдийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн золиос болохоос иргэдээ сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ