АТГ-аас Ч.Наранзаяаг шалгасан цагдаа нарыг байцаажээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн гэх дуулиант хэрэг өнгөрсөн зургадугаар сараас эхлэлтэй. Олны анхаарлын төвд байгаа энэхүү хэргийн талаархи гомдол анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. Тус цагдаагийн газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийнхээ прокурорт шилжүүлсний дагуу хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Улмаар хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргаад байсан юм.

Өнгөрсөн пүрэв гаригт УЕПГ-аас иргэн Ч.Наранзаяагийн гомдлын дагуу хянаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасан юм. Ингэснээр хохирогч бүсгүй болон түүний эгч Ч.Саранзаяа нарт итгэл найдварын оч асч байна.

Ч.Саранзаяа ярихдаа “Долдугаар сарын 28-ны өдөр УЕПГ-т гаргасан өргөдөл гомдлын дагуу энэ сарын 25-ны өдөр Улсын ерөнхий прокуророос манай дүүд албан бичгээр энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүллээ гэсэн бичиг ирлээ. Өмнө нь Баянзүрх дүүргийн прокуророос уг хэрэгт эрүү үүсэх үндэслэлгүй гэж үзээд хаасан.

Хоёр хоногийн өмнө манай дүү рүү ярьж “Хариу албан бичгээ удахгүй өгнө” гэж байсан. Анх энэ хэргийг авсан прокурор хувийн шалтгаанаар хэргийг авахгүй гээд өөр хүнд шилжүүлсэн гэсэн. Одоо прокурор хэргийг шалгаж эхэлсэн учраас тухайн хэрэгт холбоотой бүх бичиг баримт болон нотлох баримтуудыг авчир гэсэн. Манай дүү өөрийн биеэр уулзаад, нотлох баримтуудаа хуулбарлаад өгсөн.

Энэхүү бичиг ирсэнд жоохон ч гэсэн итгэл төрж байна. Гэхдээ одоо энэ хүчингийн хэрэгт шууд эрүү үүсэхгүй. Яагаад гэхээр эхлээд гэмт буруутай этгээдийг үнэхээр гэмт буруутай юу гэдгийг тогтооно. Дараа нь эрүүгийн хэрэг үүсэх эсэхийг шийддэг болсон байна лээ. Хэрэв гэмт буруутай нь тогтоогдох юм бол эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдана. Одоо хэрэг бүртгэл үүссэн байгаа гэсэн үг. Шүүх эмнэлэгт яг хэн гэдэг хүн нотлох баримтыг устгасныг тогтооно” хэмээсэн юм.

Эх сурвалжаас авсан мэдээллээр, Ч.Наранзаяаг анх өргөдөл гаргахад хүлээн авч шалгасан Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн цагдаагийн мөрдөн байцаагч нарыг хууль бусаар хэрэг бүртгэлт явуулсан байж магадгүй гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст байцааж эхэлсэн мэдээлэл байна.

Тэгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид, цагдаагийн мөрдөгчид, мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, хавтаст хэргийн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн байж болзошгүй үйлдлийг тус газрынхан нягтлан шалгаж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ