13 настай охины үхлийг архины хордлогын улмаас нас барсан гэж тогтоожээ

Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын нэгэн өрөөнд 13 настай А гэх охин нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өмнө нь 13-хан настай бяцхан охины утсыг булаан зугтаж, “Очир” төвийн буудлын өрөөнд оруулсан, тухайн буудлын өрөөнд охиныг дагуулж орсон залуугийн хоёр найз хамт хүлээж байсан, улмаар охиныг онц хэрцгий аргаар зодож, хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Мөн охиныг хүчирхийлээд зогсохгүй царайг нь танигдахын аргагүй болтол зодсон байжээ гэх зэрэг мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа нийтлэгдсэн юм.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу өдрийн 12:44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Энэ хэрэгт холбогдуулан хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг шалгаж буй бөгөөд тэднийг хэрэг болсон газар байсныг гэрч болон бусад нотлох баримтаар тогтоосон байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Уг хэргийн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийхэд тус дүүргийн 16-р хороонд оршин суух, 13 настай, иргэн А нь нас барсан байдалтай байсан. Хэргийн газрын үзлэг болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсэн дүгнэлтээр тухайн нас барсан охин ил харагдах шархгүй, үхэлд хүргэх ноцтой гэмтэл илрээгүй амь насаа алдсан байсан хэрэг гарсан.

Энэ хэрэгт нарийвчлан шинжилгээ хийх шаардлагаар шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэн ажиллаж байна. Тухайн хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүрэгт оршин суух 19-20 насны гурван этгээдийг мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна” гэв.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар хохирогч А нь бусдад зодуулаагүй. Харин архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Тиймээс үхэлд хүргэх өөр шалтгаан байгаа эсэх болон хүчиндүүлсэн эсэхийг тогтоохоор нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж. Тухайн шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа талаар албаныхан мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ