Үндсэн хуулиа үгсэн хуйвалдаж өөрчлөх үү?

Үндсэн хууль бол улс орны эцэг хууль гэдэг. Угтаа улс орны амьдралын зохион байгуулалтын үндсэн зарчмуудыг тогтоож өгдөг. Нэгэнт баталсан Үндсэн хуулиар тогтоосон зарчмууд нь цаг хугацаа болоод хөгжил, нийгмийн өөрчлөлтийн явцад доголдоод эхэлбэл нэмэлт, өөрчлөлт оруулаад явдаг. Бид 27 жилийн турш энэ Үндсэн хуулиараа явлаа. Энэ хооронд ард түмэн маань эрх чөлөөтэй болж, улс орон маань тусгаар тогтнох бүрэн эрхээ гартаа авсан.

Үндсэн хуулийн санал асуулга

Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь бүх нийтийн санал асуулга эсвэл УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57-оос дээш гишүүдийн саналаар өөрчлөх ёстой. Гэтэл цөөн хэдэн хүмүүст танилцуулж, цөөн тооны хүмүүсээс санал асуулга аваад яваад байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлснээр “Одоогийн санаачлаад хэлэлцүүлж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл бол үг хуйвалдсан, ямар нэгэн байдлаар төрийн эргэлт хийх арга гэж би хувьдаа үзэж байна. Учир нь Монгол төрийг толгойгүй болгож байна. Төрийн шийдвэр гаргах гол асуудлыг хамгийн арчаагүй, сул дорой зангилаан дээр нь буюу Засгийн газарт аваачиж тавих гээд байгаа юм. Ийм нөхцөлд одоогийн Үндсэн хуулийг өөрчилбөл цаашид явуургүй. Одоо нэг улс төрийн хүчин УИХ-ын суудлын ихэнхийг авчихсан, 65 суудалтай, тэгээд түүгээрээ төрөө бариад Үндсэн хуулиа батална гэвэл буруу” гэсэн.

Монгол Улсын Үндсэн хууль бүх ард түмний хувь заяаны асуудал. Түүнд парламентад суудалтай бүх нам, тэр тусмаа Ерөнхийлөгч нь орж байж энэ асуудлыг шийднэ. Гэтэл одоогийн шинэ Ерөнхийлөгчийн санал Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд байхгүй.

Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт дунд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах учиргүй. Монголын нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд ирсэн саналуудыг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр өөрсдийн санаачилсан өөрчлөлтүүдийг санамсаргүй сонгогдсон хүмүүст танилцуулж буй нь байж боломгүй шүү дээ.

Монгол Улсын Үндсэн хууль бүх ард түмний хувь заяаны асуудал. Түүнд парламентад суудалтай бүх нам, тэр тусмаа Ерөнхийлөгч нь орж байж энэ асуудлыг шийднэ. Ингэхгүйгээр зүгээр нэг яриа, ухуулга хийж байгаад хууль батална гэвэл бүтэхгүй. Нөгөөтэйгүүр, Монгол орон 2000 гаруй жилийн түүхтэй төрт ёсны соёлтой, өөрийн гэсэн орчин нөхцөлтэй, хоёр их гүрний дунд байдаг, хоёр талаас нь яаж ч нөлөөлж болохуйц эмзэг орчинд байгаа улс шүү дээ.

Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан

Хүмүүсийн ажиглаж буйгаар Үндсэн хуулиа өөрчлөх нэрийн дор ярьж байгаа зүйлүүдийг ажиглахад хэд хэдэн үндсэн чиглэл харагдаж байгаа аж. Тухайлбал, гол асуудлуудаа шийдье, төрийнхөө эрх мэдлийг ард түмэндээ өгөөд олигарх засаглалын тогтолцооноос найдвартай хамгаалах дархлааг бий болгоё гэсэн санал байна. Мөн давхар дээл, төрийн боловсон хүчин зэрэг ер нь амьдралд тулгараад байгаа асуудлуудыг тусгайлах нэг санал байна. Энэ бол эрүүл санал.

Цаашилбал улс төрийн намууд нийгэмд оршин тогтнохын тулд төрийн суудлыг мөнгөөр худалдаж, хөрөнгө мөнгөтэй хүний гар харж, тэднийг УИХ-д гаргаж ирдэг нь нууц биш. Тэр хүмүүс нь зарцуулсан мөнгөө хэд нугалж авахыг бодоод төрийг бизнес болгочихсон.

Ийм хүмүүс Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө үйлчлэхгүй.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ