Ерөнхийлөгч Х.Баттулга Восточный далайн боомттой танилцана

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо “Дорнын Эдийн засгийн III чуулга” уулзалтад оролцохоор тус хотод өчигдөр хүрэлцэн ирээд байгаа билээ.

Тэрээр өнөөдөр ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэй дагалдан яваа хүмүүсийн хамт Восточный далайн боомтын үйл ажиллагаатай танилцах юм.

Энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын талаас ОХУ-ын Тээврийн сайд Максим Юрьевич Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн Ерөнхийлөгч Олег Валентинович Белозеров тэргүүтэй төлөөлөгчид оролцох юм.

Восточный боомтын тухайд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 4,491 км зайд оршдог. Япон тэнгисийн Находкийн буланд Врангелийн хоолойд оршдог холбооны улсын хэмжээний далайн боомт юм. Номхон далай дахь ОХУ-ын тээврийн “Восточный Находка” гэсэн томоохон зангилаанд ордог.ОХУ-ынхэрэгжүүлж буй, мөн Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн “Приморье-1” олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.

Ерөнхийлөгч тус боомтын нүүрс буулгалтын үйл ажиллагаа, Техникийн удирдлагын нэгдсэн төв, Төмөр замын шинэ станцийн бүтээн байгуулалт зэрэгтэй танилцана.

Восточный боомт нь ОХУ ын хамгийн том далайн терминал бөгөөд нүүрс, чингэлэг, мод, ашигт малтмал, химийн ачаа, газрын тос зэрэг ачаа голлон тээвэрлэдэг бөгөөд нийт боловсруулсан бараа бүтээгдэхүүний 99 хувийг Номхон далайн бүсийн орнууд болох Өмнөд Солонгос, Япон, Хятад руу тээвэрлэдэг байна.

Монгол Улсын хувьд гуравдагч орны зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлоход мөн гуравдагч орны зах зээлээс бүтээгдэхүүн импортлоход ОХУ-ын Алс Дорнодын бассейний далайн боомтуудыг ашиглах нь хамгийн тохиромжтой гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ