Номер гурав ба горилогчид

УИХ-ын 65 суудалтай МАН-ынбүлгийн31 гишүүн Мэргэжлийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсныг Ардчилсан намын ес дэмжихээ илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцээд дараагийн номер гуравт санаархсан горилогчид саарал ордноор дүүрэн хөлхөлдөж байна.

У.ХҮРЭЛСҮХ

Тэрбээр жагсаалын нэгдүгээрт бичигдэж байгаа. Хаанаас нь ч харсан нуруу туруу, бие бялдар сайтай, хар савхиа өмсөөд Harley-Davidson унаад давхих имиж нь илүү зохидог. Зодолдвол зодолдчихно, дуулбал ч дуулчихна, гитар ч тоглочихно, гантиль ч өргөчихнө. Одоогоос гучаад жилийн өмнө улс төрд хөл тавьж байсан. Намдаа гавьяа ч байгуулсан, гай ч дагуулсан. Ерөнхий сайдын сэнтийг эртнээс зүүдэлсэн түүнийгЕрөнхийлөгч Х.Баттулга ил цагаан балиашиглах болсон. Ерөнхийлөгчийн өхөөрдсөн нэр нь “топор”. Ачааны багыг үүрэлцдэг гэсэн шүүмжлэлд өртдөг ч аль ч засагт дарга, сайд болдог азтай нэгэн.

Давуу тал: Зоримог. Сошиалд дэмжлэг сайтай. Нэгдүгээр хүн ард нь байгаа гэлцдэг. Улс төрийн тэмцлийнх нь ард Ерөнхийлөгчийн пиарчид ажиллаж байгаа нь тодорхой болсон.

Сул тал: Хүнтэй эв зүйгээр хэл амаа ололцохоос илүү нударгаар шийдэхийг хүсдэг. Өнгөрсөн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэх нэр хочтой үлдсэн. Түүнийг дэмжин засгаа унагааж, хоолондоо орж буй хоёрдугаар ээлжийнхэн ч түүнээс урвах магадлал өндөр. Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Ж.Эрдэнэбатыг огцруулж чаддаг юм аа гэхэд Ерөнхий сайд болох дэмжлэг нам дотроо багатай.

С.БЯМБАЦОГТ

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэгчээр Ж.Эрдэнэбатын засаг нурлаа гэхэд Ерөнхий сайдын суудлыг зүүдэлж яваа нэгэн гэж хэвлэлийнхэн түүнийг“цоллож” байна. Өнгөрсөн дөрвөн жил бүлгийн дарга хийж,хүчтэй сөрөг хүчин байж чадсан. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа, Ерөнхий сайд болох хүмүүсийн нэгээр нэрлэгдэж явсан.

Давуу тал: Гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. МАН-ын туршлагатай залуусын нэг. Өнгөрсөн дөрвөн жил цөөнхийн бүлгийн даргаа ёс төртэй гүйцэтгэсэн. Сөрөг хүчинтэйгээ “сүүлрээд, гүйгээд” байхгүй л болов уу.Мөнгө, хөрөнгө сайтай.

Сул тал: Засгийн газрын концессын “хэрэгт” холбогдоод байгаа сайдуудын нэг.

Ж.МӨНХБАТ

Мэргэжлийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй тэрбээр С.Төмөр-Очирын туслах байхдаа “Болор цом” яруу найргийн тэмцээнд оролцож, аман хүзүүдэж байсан.Шүлэг, яруу найраг бичих сонирхолтой. “Шинэ мянган” утга зохиолыннэгдлийг байгуулсан.Давхар дээлийг эсэргүүцэж, хар машинаар сор залах акцыг зохион байгуулж явсан нэгэн. Түүнийг номер гурвын төлөө өөрийгөө сойхоор бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл шар сайтуудаар цацагдах болсон. Тэрбээр “Зугтсан нь биш зүтгэсэн нь” гэсэн зарчим баримталдаг.

Давуу тал: Уран үгтэй. Өнгөрсөн дөрвөн жил намын генсек хийж намдаа ялалт авчирсан гавьяа түүнд ноогдох нь тодорхой.Хэнтэй ч хэл амаа ололцож чадна. Сөрөг намынхантайгаа нийлж намаа худалдаж идэх хүн биш гэж намынхан нь ярьдаг.

Сул тал: Давхар дээлийг эсэргүүцэж явсан атлаа өөрөө давхар дээл өмссөн. Засгийн газрын концессын асуудалд ороод байгаа сайдуудын нэг.

Ч.ХҮРЭЛБААТАР

УИХ-ын сонгуулийн дараах бялуу хуваарилалтад хамгийн сэтгэл гонсгор үлдсэн хүмүүсийн нэг Ч.Хүрэлбаатар. Тэрбээр Ерөнхий сайд болох том амбицтай байсан ч ядаж Сангийн сайд болох болов уу гэсэн таамаглал хол зөрсөн. Түүнд Төсвийн байнгын хороог өгсөн ч хуваарилалт нь шог санагдсан. Тиймээс ч Ж.Эрдэнэбатыг засгийн унагаж авахаар улайрч байгаа гишүүдийн нэг. Засгийн газрынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдаг. Анх ОУВС-гаас дэмжлэг авахад хамгийн их сөрөг ярилцлага өгч байсан нэгэн.

Давуу тал: Туршлагатай улстөрч. Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. МАН дотроо эдийн засгийн мэдлэгтэй цөөн гишүүдийн нэг.

Сул тал: 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын хоёрыг луйвардаж ялсан гэж шүүх цагдаадаа тулж, туслахаа “шоронд” явуулсан хүн чанаргүй гэгддэг. Нам дотроо дэмжлэг багатай. Ц.Нямдоржийг эс тооцвол шүү дээ.

Ийнхүү Ардын намынхан бурхангүй газар бумба галзуурна гэгч болж байна. УИХ-ын чуулган дээр Мэргэжлийн засгаа унагаадаг юм аа гэхнээ дараагийн номер гурвын төлөө Ардын намд цусгүй дайн хэрхэн өрнөхийг харах лүлдлээ. Зуны сар зургаа юм шиг “зодолдсон” МАН-ынханд намрын сар найм биш ээ гэдгийг сануулъя. Ачаагаа авах нь аваад зам мөрөө хөөх нь хөөхгүй бол улс орны ар өвөр дэх амьдрал бүр хэцүүдлээ. Алийн болгон “ард түмэн дэмжвэл” гэж албан тушаалын төлөө үхэлдэх билээ, Ардын намынхаан.

Ж.Эрхэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ