Дамжин өнгөрөх виз авах шаардлагагүй

Монгол иргэд БНХАУ-аар дамжин өнгөрөхөд заавал дамжин өнгөрөх виз авах журам гарсан гэх мэдээлэл сүүлийн үед иргэдийн дунд гарсан.

Монгол Улсын иргэд Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээрийн дагуу 30 хүртэл хоног БНХАУ-д визгүйгээр зорчих буюу дамжин өнгөрөх боломжтой байдаг.

Дээрх журам нь монгол иргэдэд хамаарахгүй бөгөөд зөвхөн БНХАУ-д визтэй зорчдог орнуудын иргэд хятадын хоёр болон түүнээс дээш хотоор дамжин өнгөрөх тохиолдолд транзит виз буюу дамжин өнгөрөх виз авах шаардлагатай холбоотой юм.

Харин гуравдагч улсаас БНХАУ-ын Гуанжоу, Шэньжэнь зэрэг хотоор дамжин эх орондоо буцах нислэгтэй байсан зарим монгол иргэнийг дамжин өнгөрөх виз авах шаардлагатай хэмээн онгоцонд нь суулгахгүй, хохироосон тохиолдол гарсан тул Гадаад харилцааны яамны зүгээс Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/ болон БНХАУ-ын иргэний нисэхийн байгууллагад хандан дахин ийм асуудал гаргахгүй байх, холбогдох нисэх буудал, авиа компаниудад зохих мэдээллийг хүргүүлэх хүсэлтийг тавиад байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ