Д.Отгонтуяа: Цэрэгт явсан хүү минь ирэхдээ хараагүй болчихлоо


Хугацаат цэргийн албанд явсан хүү нь эмчийн буруугаас болж хараагүй болсон учраас хүүгийн ээж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүүгийн ээж Д.Отгонтуяа “Миний хүүг Ихбаяр гэдэг юм. Одоогоос жилийн өмнө буюу 2016 оны аравдугаар сарын 22-нд цэргийн комиссоор орж Дорнод аймгийн 327-р ардын армид хуваарилагдаж очсон. Тангаргийнх нь баяраар очиход шүд нь өвдөөд авахуулсан гэсэн байж байсан. Гэхдээ ёзоор үлдсэн учир дахин ёзоор авахуулах хагалгаанд орно гэж байсан юм. Тухайн үед ангийнх нь эмнэлэгт шүдний эмнэлэг байхгүйн улмаас Дорнод аймгийн эмнэлэгт очсон байсан.
Цэргийн ангиасаа 12-р сарын 25-нд цэргийн төв эмнэлэгт ирж шүдний ёзоор авахуулах хагалгаанд орсон юм. Үүний дараа хамраас нь эвгүй үнэр гарч, толгой нь эргэдэг болсон. Тиймээс хамранд нь байнгын цэвэрлэгээ хийх шаардлагатай байдал үүссэн юм. Тухайн үед цэвэрлэгээ хийлгэж байхад резинэн бээлийний үлдэгдэл хамарнаас нь гарсан юм. Энэ тухай ч өвчнийх нь түүх дээр бичигдсэн байсан. Өвчин нь тэвчихэд бэрх болсон учир тархины томограф зураг авахуулсан. Ийнхүү энэ оны нэгдүгээр сарын 3-нд хагалгаанд орсон. Хагалгааны дараа зүүн нүд нь юм харж чадахааргүй хавдартай болсон. Улмаар тав хоногийн дараа хавдар нь буухад нүд нь юу ч харж чадахааргүй болсон юм. Хоёр дахь хагалгаанд орохоосоо өмнө хүүгийн минь хараа хэвийн, ямар ч эмгэггүй байсан. Хагалгааг Цэргийн төв эмнэлгийн эмч нар хийсэн.
Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 22-нд нүдний косметик хагалгаанд дахин орсон. Хагалгаанд орох шалтгааныг эмч тайлбарлахдаа нүдний аяга нь унах магадлалтай учир тор тавих шаардлагатай гэсэн. Хагалгаа тийм ч сайн нөлөөтэй байгаагүй. Мэргэжлийн эмч нар зүүн нүд дахин хараа орохгүй гэж хэлсэн. Миний хүү одоогийн байдлаар цэргийн албанаас чөлөөлөгдөж, гэртээ сэтгэл санааны хямралд орсон байдалтай байгаа.
Батлан хамгаалах яамны төлөөлөл гэж ямар нэгэн хүнтэй уулзаагүй. Өнөөдөр сайдтай уулзах цагаа товлох гэж яам орсон. Би эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд явуулсан. Одоо юу ч харж чадахгүй байна. Хагалгаа хийх явцад нүд нь хараагүй болсон учир эмч нарын буруутай үйлдэл байх магадлалтай гэж үзэж байна" гэв.
Тэрээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны дөрөвдүгээр сард хандсан ч хэргийг шалгаж шийдвэрлээгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ