Д.Дашдаваа: Төр хэлмэгдэгсдийн хүүхдүүдэд нөхөн төлбөр олгох ёстой

“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн, хэлмэгдэгч судлаач Д.Дашдаваа өнөөдөр (2017.09.05) мэдээлэл хийлээ.

“Бид бол 1930-1940-өөд онд улс төрийн хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгсдийн хүүхдүүд юм. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хүсэлт илгээж буйгаа энэ хурлаар мэдэгдэж байна. Бид хэлмэгдэгсдийн хохирлыг хуулийн дагуу барагдуулж, их хядлагыг удирдсан Х.Чойбалсанг тахин өргөмжлөхийг зогсоож, түүний хөшөөг буулгаж, Дорнодын төвийг Баянтүмэн болгооч ээ гэсэн санал тавьж байгаа юм” гэж хурлын эхэнд хэлэв.

Тэрээр“Хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг дарамталж, ажлаас халж, хүүхдүүдэд нь боловсрол олгох эрхийг хассан гээд олон зовлонг бид туулсан. 1930-1940 онд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний 80 гаруй хувь нь хамгийн бага тэтгэвэртэй, боловсролгүй, ядуу зүдүү амьдарч байна. Хатанбаатар Магсаржавийн их цэргийн домч байсан Гомбожав гэдэг хүний хөрөнгийг гурван удаа хураасан. Гурав дахь удаа хөрөнгө хураахдаа бүх малыг нь авч, 12 тэрэг эд хөрөнгө болон хэдэн жороо мориороо худалдаж авсан хоёр чүнчигноров хөөргийг нь хүртэл хураан авсан байдаг. 2015 онд их гарын чүнчигноров хөөрөг 150 сая төгрөгт хүрч байлаа. Энэ мэтчилэн эд хөрөнгө ярьвал их зүйл бий. Хүний л амьдрал шүү дээ.

Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаад 25-60 жил болж байхад Монгол Улсын төр огт нөхөн төлбөр төлсөнгүй. 2015 оны дөрөвдүгээр сард хэлмэгдэгсдийн асуудлаар Олон улсын бага хурал болсон. Тэр үед хэлмэгдэгсдийг цагаатгаж, нөхөн төлбөр олгох нь чухал гэж ярьж байсан ч тэгсгээд мартагдсан. Их хэлмэгдүүлэлтийн үеэр би аав, нагац ахыгаа алдсан. Эсэргүүний хүүхэд гэсэн нэр зүүж, олон жил явсан. Амьдрал маань орвонгоороо эргэсэн. Амьдралдаа туулж, амсах байсан олон сайхан боломжуудыг ч алдсан. Бид үнэхээр ядуу амьдарч байна. Ядарч байна. Цаазлагдсан, хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд судалгаа хийж, таньж мэдсэний үндсэн дээр байр орон сууц олгож, амьдралд маань нэг удаа ч болов туслах ёстой гэж бодож, хүлээж явдаг” хэмээсэн.

Судлаач Д.Дашдаваагийн тэргүүнээр нь ажилладаг “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ыг 2014 онд байгуулжээ. Хэлмэгдсэн иргэдийн амьдралын нөхцөл байдал, туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээлийн талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хүний эрхийн бусад байгууллагуудад хандаж, өргөдөл гомдол, санал гаргадаг ч анхаардаггүй талаар тэрбээр гомдолтой ярьж байв.

 Хэлмэгдэгсдийн төлөөлөлГ.Лхамсүрэн Хэлмэгдэгсдийн төлөөлөл Г.Лхамсүрэн

Хэвлэлийн хурлын төгсгөлд Г.Лхамсүрэн гуай өөрийнхөө бодлыг товч хэлэхийг хүссэн юм.

-Намайг Гончигийн Лхамсүрэн гэдэг. 1930-1940-өөд оны их хэлмэгдүүлэлтийн үеэр миний аав, хоёр ахыг маань цаазлагдсан. Аав маань энгийн малчин, ард хүн байсан. Гэрт байсан нэжгээд бурхан тахил, үнэд хүрэх юу байна бүгдийг нь хураан авч явсан байдаг. Тэгэхэд бидний амьдралыг, бидний гэрийг, бидний ирээдүйг дээрэмдсэн. Үнэхээр бид олон жил хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн. Тиймээс арга ядсандаа төр засагтаа хандаж, хэлмэгдсэн биднийгээ харж үзээч гэж хүсч байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн бичиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ