“Шөнийн сүм музей" арга хэмжээ болно


Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга” үйл ажиллагааг есдүгээр сарын 7-ны пүрэв гарагийн 20:00 цагт зохион байгуулах гэж байна.
Энэ үйл ажиллагааг 2011 оноос хойш тогтмол зохион байгуулж байгаа. “Шөнийн музей” үйл ажиллагааны үеэр музей шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж, музейн орчинд олон сонирхолтой хөтөлбөрийг үзэгчдэд санал болгодог нь үзэгч, үйлчлүүлэгчдийн талархлыг ихээр хүлээдэг аж. Жил ирэх тусам тус үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжиж, энэхүү хөтөлбөрийг үзэж сонирхох үзэгчдийн тоо ч мөн адил өсчээ.Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын түүх, соёлын өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулан сурталчлах зорилготой юм.
Чойжин ламын сүм цогцолборыг төрийн сахиусны гүдэнбэ, Эрдэнэ билигт, Тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин, номын үйл хэрэгт зориулан уран Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд 1904-1908 онд бүтээн байгуулж байжээ.
1938 онд тус сүмийг үзэсгэлэн, судалгаа шинжилгээний зорилгоор Шинжлэх Ухааны хүрээлэнд шилжүүлснээр музей болох үндэс суурь тавигдаж, зөвхөн гадны томоохон зочид төлөөлөгчдөд үзүүлдэг “хаалттай” музей байсан. Харин 1961 оноос хойш олон нийтэд нээлттэй болсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ