Монголд олон улсын маркетерүүд чуулна

Монголын маркетингийн холбоо, Монголын Маркетингийн судалгааны ассоциаци хамтран “SMART 2017” Азийн маркетингийн чуулган, “Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган” гэсэн хоёр томоохон арга хэмжээг энэ сарын 22-29-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээнд оролцож буй улс орнууд, бүс нутгийн холбоод, дэлхийд нэр хүндтэй илтгэгч мэргэжилтнүүд, компани болон хэлэлцэх асуудал, танилцуулах илтгэл нь Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 27 жилийн хугацаанд хийгдэж байгаа анхны томоохон үйл явдал байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Монголын Маркетингийн судалгааны ассоциацийн ерөнхийлөгч Ч.Даваасүрэн "Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX Чуулган “Өсөлтийг хамтдаа хайх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Чуулганд 15 орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй топ эксперт оролцоно. Хамгийн эхний чуулган Австрали улсад болж байсан. Харин энэ жил Монгол Улсад анх удаа болох гэж байгаагаараа их онцлогтой юм" гэв.

Чуулган “Судалгаатай хөгжье”, “Өсөлтийг ангуучлах нь” гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд дэлхийн 12 улс орны зах зээлийн судалгааны байгууллагын мэргэжилтэн төлөөлөгчид 11 илтгэлийг танилцуулах аж.

Австрали, Япон, Солонгос, Хятад, Тайланд, Тайвань, Англи, Голланд, Монгол Улсын илтгэгчид та бүхэнд өөрсдийн шийдэл, туршлагыг танилцуулна. Үүнд:

  • Зах зээлийн судалгаа, стратегийн глобал трендийг ойлгох
  • Ази номхон далайн маркетингийн шилдэг кейсүүдээс суралцах
  • Хамтдаа өсөлтийг ангуучлах боломжийг бүү алдаарай гэсэн дэд сэдвүүд багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ