Эрдэнэтийн мөнгө эргэж ирэх үү?

"Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдад хоолоор үйлчилж байсан “Монголиан Катеринг” компани гэрээ дуусахаас өмнөх гурван сарын төлбөр гэж 318,3 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд ханджээ. Нэхэмжлэлийн дагуу Эрдэнэтийнхэн тооцоогоо нарийвчлан нягтлахад тэд “Монголиан Катеринг”-ээс авлагатай болж таарчээ.

Тухайлбал, "Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засагч нар ажилтнуудын үйлчлүүлсэн хоолны тооцоог цех, нэгж бүрээр нягтлан гаргахад 21 сарын хугацаанд “Монголиан Катеринг” ХХК хуурамч баримт мэдээллээр 2,5 тэрбум төгрөгийг илүү нэхэмжилж авсан нь тогтоогджээ. Энэ нь тухайн үеийн нягтлан бодох бүртгэлийн тооцоо, мөнгө шилжүүлсэн баримт, Үндэсний аудитын газраас ирүүлсэн зөрчлийг арилгах тухай Акт зэргээр давхар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл “Монголиан катеринг” компани үйлдвэрийн ажиллагсдын идээгүй хоолны мөнгийг тооцооллын аргачлал ашигласан аж.

Уг мөнгийг Эрдэнэт үйлдвэр “Монголиан катеринг” компаниас авахын тулд Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн маргаан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлээд байгаа аж. Энэхүү маргааныг таслах хурал өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр болох юм.

Хоолноос үүдсэн маргааны 2,5 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрт эргэж ирэх эсэх асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид хэрхэн шийдэхийг харъя даа.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ