Засаг огцорч, замбараагүйтэх дөхсөн долоо хоног


Өнгөрөгч долоо хоногт улс төр болон нийгмийн амьдралд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАВ
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэлийг өргөн барьсны дагуу ээлжит бус чуулган зарлагдсан. Энэ дагуу ээлжит чуулган хуралдсан бөгөөд хурал эхлээд удаагүй байхад МАН ын бүлгийн хүсэлтээр түр завсарласан. Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн “"МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Бүлгийнхээ шийдвэрийг зөрчиж байна. Хууль зөрчсөн үйлдлийг даган дуурайх хэрэггүй. УИХ-ын дарга Үндсэн хуулийг зөрчлөө. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хоорондын маргаан Засгийг огцруулах асуудалд огт хамаагүй. 30 гишүүдийг гүтгэж доромжилж, худалдаж авах ажиллагаа явуулж байна" гэсэн.
Мөн хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Саяхан олонхийн бүлгийн нэг хэсэг нь Ардчилсан намтай хамтарч засаг унагаах гэж байна гэсэн мэдээлэл явсан. Бид үүнийг хариуцлагагүй худал мэдээлэл гэж үзэж байна. Би өмнө нь байр сууриа илэрхийлж байсан.
Үнэмлэхүй олонхийн бүлэг засгийн газраа хэрхэх нь олонхийн шийдэх асуудал учираас энэ нь сөрөг хүчинд ямар ч хамаа байхгүй. Ардчилсан нам өөрийн улс төрийн байр сууриа тодорхойлсныг та бүхэн мэдэж байгаа байх. Бид энэ байр суурин дээрээ хэвээр байгаа. Засгийн газраа авч үлдэх үү, эс авч үлдэх үү гэдэг дотоод зөрчилдөөнийг тэдний дотоод асуудал гэдгийг дахин хэлмээр байна” гэж намын байр сууриа илэрхийлэв.
ЗАСАГ ОГЦРОВ
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “Мэргэжлийн” гэх тодотголтой байгуулагдаж байсан Засгийн газар пүрэв гарагийн үдэш чуулганы хуралдаанаар 57.5 хувийн саналаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. МАН сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй олонхи болсныхоо дараа “Засгаа тогтвортой ажиллуулна” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг жил, хоёр сарын хугацаанд ажиллаад уналаа.
Ингэснээр 1996 оноос хойш парламент 14 дэх Засгийн газраа унагаж байна. Түүхэндээ хамгийн богино буюу найман хоног Ерөнхий сайд хийсэн хүн бол Н.Туяа байдаг. Харин хамгийн урт хугацаанд Н.Энхбаярын Засгийн газар ажиллаж байжээ. Тэрээр 2000-2004 оны хооронд засаг барьсан бөгөөд энэ нь УИХ Засгийн газраа унагаагүй цорын ганц тохиолдол билээ. Ер нь нэг засгийн газрын ажилласан хугацаа дунджаар 1.7 жил байдаг аж.
ЕРӨНХИЙЛӨГЧ ОХУ-Д АЙЛЧЛАВ
Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр ОХУ-ын талаас Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан байна.
“Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм.
Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын болон бүс нутгийн асуудлаар санал солилцлоо.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ХОТООС ГАРГАНА
Хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж, хэрэгжүүлж эхлэх явдал юм. Төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотын зүгээс шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болно. Үүний нэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ гэж үзэж байна гэжээ.
Мөн энэхүү албан бичигтээ Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ойрын хугацаанд байгуулахыг хүсэж, Ажлын хэсгийн талаарх саналыг боловсруулан хүргүүлсэн байна.
УМАРД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ХАТУУ ХОРИГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах төслийг боловсруулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ. Хоригт Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны гадаад дахь хөрөнгийг царцаах, аяллын хориг тавих, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхийг зогсоох зэрэг багтсан байна.
Хурлын үеэр НҮБ-д суух АНУ-ын элч Никки Хэйли “Дайсагнагч этгээд цөмийн зэвсэгтэй болж, баллистик пуужингаа чам руу чиглүүлээд байхад хамгаалалтаа бууруулах алхам хийнэ гэж үү? Хэн ч ингэхгүй. Тэр тусмаа бид тэгж чадахгүй” гэжээ.
Мөн Умард Солонгосын дайралттай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудаа зэвсэглэхээр шийджээ. Тухайлбал, Трамп өчигдөр өөрийн твиттер хуудсандаа “Өмнөд Солонгос, Япон улсуудыг орчин үеийн зэвсэг техникээр хангаж, нэмэгдүүлнэ” гэж бичжээ.
Тус улсууд нь АНУ-тай батлан хамгаалах салбарт харилцан туслалцах онцгой гэрээтэй байдаг юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ