Хүн хавчуулагдаж нас баржээ

Есдүгээр сарын 10-нд уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдсоны улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар Улаанбаатар хотоос “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан аж.

Машин онхолдож, хүн нас барж, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 10-ны өдрийн 04:30 цагт хүлээн авч, Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт, нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ.

Мөн Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн арван алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн найман иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн зургаан ажилтан, нийт 27 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр зургаан орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ