УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэв


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрийг хамруулан явуулж, 21 аймаг, есөн дүүрэгт 63 удаа зохион байгуулжээ. Нийт 12797 иргэн оролцсон гэж хэлэлцүүлгийг зохион байгуулагчид ярилаа. УИХ-ын гишүүн Г.Занданшатар энэ ажлын явцтай өнөөдөр танилцаж, мэлээлэл өглөө.
Орон даяар зохион байгуулсан хэлэлцүүлэгтэй хамт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан багц асуудлаар иргэдээс санал авчээ. Ингэхдээ улсын хэмжээнд 250 орчим мянган иргэний саналыг цаасаар хүлээж авсан байна. Үүнээс гадна шуудан, цахим хуудсаар санал авсан ба нийт 300,000 орчим хүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд саналаа өгсөн гэж УИХ-ын Тамгын газраас мэдэгдэв.
Хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн иргэд төрийн өндөр албан тушаалтны сахилга, хариуцлагыг сайжруулах, төрийг төр шиг болгож, намыг нам шиг ажиллуулах, төрийн өндөр албан тушаалтны хариуцлагыг бэхжүүлэх шаардлагатай гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар ярьсан юм.
Иргэдийн саналыг нэгдсэн сервирт хадгалах, ангилах тусгай программыг УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс боловсруулсныг мөн энэ үеэр хэвлэлийнхэнд танилцуулсан. Уг программд мэдээллийг шивж оруулах ажил эхэлсэн бөгөөд УИХ-ын Тамгын газрын 110 ажилтан камерын хяналттайгаар гүйцэтгэж байгаа ажээ. Иргэдийн саналыг нэгтгэж, шивэх ажлыг есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Иргэд, олон нийтийн саналыг программд оруулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, хуульч, судлаач, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, боловсруулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ