Виз мэдүүлэх цагаа утсаар урьдчилж авна

Гадаадын иргэн, харьяатын газар энэ онд дэвшүүлсэн “Цахим иммигрэйшн” зорилтынхоо хүрээнд “Утсаар цаг авах” үйлчилгээг есдүгээр сарын 11-ээс нэвтрүүлжээ. Үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн “Утсаар цаг авах үйлчилгээ” ажиллаж буй юм.

Тодруулбал, зөвшөөрөлтэй холбоотой бүхий л үйлчилгээг утсаар цаг авч, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. “ГИХГ-ын үйлчлүүлэгчид нь гадаадын иргэд, тэр дундаа Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, боловсролын салбарынхан байдаг. Тиймээс тэдний цаг завыг хэмнээд зогсохгүй, аливаа чирэгдлийг багасгах шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

Виз мэдүүлэх цаг авах иргэд ГИХГ-ын зөвлөгөө мэдээллийн 1800-1882 дугаарын утсаар холбогдож цаг авах юм. Ингэхдээ тус газраас сар хүртэлх хугацаанд багтааж цаг олгох бөгөөд үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирээд үйлчилгээгээ авах боломжтой болжээ.

Гадаадын иргэд холбогдох хууль, журмын хүрээнд тавьсан шаардлагын дагуу материалаа бүрдүүлсэн байх ёстой аж. Албаныхны мэдээллэж буйгаар үйлчлүүлэгчид материалаа дутуу бүрдүүлдэг, чанарын шаардлагад нийцэхгүй зураг өгөх, анкетаа бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг асуудал гаргадаг. Материалын бүрдэл дутуугаас үйлчилгээ удааширч, чирэгдэл үүсдэг талаар хэлж байна. Түүнчлэн утсаар цаг аваагүй хүмүүст урьдын адил дугаар олгож үйлчлэх юм байна. Мөн энэ сарын 20-ноос виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн туршихаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ