Ник Тэйлор: Байгууллагуудад олгодог торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай

Олон улсын өрсөлдөөний байгууллагын удирдах ажилтнууд өнөөдөр /2017.09.13/ чуулж, дуудлага худалдаанд үгсэн тохиролцох зөрчлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд болж буй олон улсын хуралд дэлхийн 17 орны 55 төлөөлөгч оролцож, өөрсдийн туршлагаа хуваалцаж байгаа бөгөөд үгсэн тохиролцох зөрчил нь улс орны эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулах аюултай талаар хэлэлцэж байна.

Ихэнх тохиолдолд үгсэн тохиролцох үйл ажиллагаа эцсээ хүртэл нууц хэвээр үлдэх нь бий. Тийм учраас дэлхийн аль ч улсад энэ төрлийн зөрчлийг илрүүлэхэд маш хүндрэлтэй байдаг аж.

Монгол улсын хувьд үгсэн тохиролцох зөрчлийн торгууль, шийтгэлийг уян хатан нөхцөлтэйгээр ногдуулах шаардлагатай гэдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөж байв. Учир нь монголын зах зээлд маш олон бичил бизнес эрхлэгчдээс гадна гадны томоохон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг учраас торгуулийн хэмжээ харилцан адилгүй тусдаг гэсэн юм.

АНУ-ын “ЖонесДэй” хуулийн фирмийн мэргэжилтэн Ник Тэйлорэнэ удаагийн хуралд дуудлага худалдаанд үгсэн тохиролцох зөрчилд ногдуулах торгууль болон захиргааны шийтгэл, зөрчлийг хэрхэн илрүүлэх арга барил сэдвээр мэргэжилтнүүдтэй санал солилцож, илтгэл хэлэлцүүлж байв.

Ник Тэйлор "АНУ-д дуудлага худалдаагаар үгсэн тохиролцох зөрчил гаргасан тохиолдолд шууд шоронд хорих арга хэмжээг авдаг. Одоогоор энэ захиргааны шийтгэлийг хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Европын холбооны зүгээс үгсэн тохиролцох зөрчлийг илрүүлбэл хэдэн зуун сая ам.долларын торгууль ногдуулдаг байх жишээтэй. Яагаад гэвэл эдийн засагт маш хор нөлөөтэй зөрчлийн нэг юм. Хөгжингүй орны зах зээлд үгсэн тохиоролцох зөрчлийн торгууль өндөр учраас ийм төрлийн зөрчил харьцангуй бага гардаг.

Тиймээс бид ихэвчлэн Азийн орнуудад болон Олон улсын байгууллагуудтай хийсэн үгсэн тохиролцох зөрчлийг олж илрүүлдэг. Би Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн төсөл гарсан ч одоохондоо батлагдаагүй байгааг дуулсан. Монголын улсын хувьд зах зээлийн аж ахуй нэгжүүдэд олгож байгаа торгуулийн хэмжээг нэмэх шаардлагатай гэж бодож байна" гэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга С.Цогтгэрэлендерт үнэ тохиролцож оролцох нь Шударга өрсөлдөөний тухай хуулиараа үгсэн хуйвалдах зөрчлийн нэг болдог. Тиймээс эдийн засагт хор хөнөөлтэй уг зөрчлийг хэрхэн илрүүлж, арилгах талаар олон улсын мэргэжилтнүүд санал бодлоо солилцож байна. Зах зээлд үгсэн тохиролцох зөрчлийг илрүүлэх нь маш чухал. Манай байгууллагаас зах зээлд үнийг харилцан тохиролцдог зөрчил болох аудитын үйлчилгээ гэх мэт олон тохиолдлыг илрүүлж байсан. Үгсэн тохиролцох асуудлыг шалгаж, илрүүлэхэд мэргэжилтний мэргэшсэн байдлаас хамаарч илрүүлэлт нь харилцан адилгүй байна.

Португал улсын өрсөлдөөний байгууллагын ахлах мэргэжилтэн Сара Кастанхэйра "Манай байгууллага худалдан авалт болон үгсэн тохиролцох зөрчлийн талаар сүүлийн 14 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийн хурлаар “Худалдан авалтын газартай хэрхэн хамтран ажиллах вэ?” хэмээх илтгэлийг хэлэлцүүлэхээр бэлдсэн. Бидний зүгээс дуудлага худалдааны үеэр аль болох үгсэн тохиролцох үйл ажиллагаанаас зайлсхийж, авлигал, урамшууллаас авахгүй байхыг зорьж ажилладаг. Манай байгууллагаас хамгийн сүүлд хийсэн хяналт шинжилгээгээр дуудлага худалдааны үеэр томоохон цар хүрээг хамарсан үгсэн тохиролцсон зөрчил илэрсэн. Португал улсад энэ төрлийн зөрчил илэрсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэггүй. Гэхдээ хуулийнхаа дагуу тухайн байгууллагын орлогын 10 хувиас илүү хувийг авах арга хэмжээг авдаг" гэв.

Олон улсын мэргэжилтнүүд үгсэн тохиролцох зөрчлийг илрүүлэх арга барилаасаа хуваалцсан юм. Үүнд:

  • Худалдан авагч нь өөрөө мэдлэг, туршлагаа сайжруулснаар үгсэн тохиролцож байна уу, хохирогч болж байна уу гэдгээ мэддэг байх хэрэгтэй

  • Тухайн компани дотор ажиллаж буй хүмүүсээс үгсэн тохиролцох зөрчлийн талаар мэдээлэл авах

  • Үгсэн тохиролцох зөрчлийн талаар мэдээллэгчийг урамшуулах

  • Үгсэн тохиролцох хуйвалдаан хийсэн компани өөрийнхөө зөрчлийг сайн дураараа илрүүлсэн тохиолдолд ямар нэгэн торгууль, шийтгэл оногдуулахгүй байх арга барилыг ашигладаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ