Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэв


Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) сар тутмын ээлжит уулзалт хэлэлцүүлгийг “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөлөл” сэдэвтэйгээр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг МБЗ-ийн Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, “ЭЗЭЗЗ ХХК”-ийн захирал, хуульч Б.Баяр хөтөлж, панелистаар УИХ-ын гишүүн Л.Болд болон МУИС-ын Хууль зүйн Сургуулийн багш, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан оролцлоо.
Энэ сарын уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тусгайлан хэлэлцэхээр болсон нь Монгол Улсын эрх зүйн дээд хүчин чадалтай актад өөрчлөлт орох гэж буйд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, мөн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар дагнан судалгаа хийсэн эрдэмтэн багшийг оролцуулснаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд энэхүү өөрчлөлтийн төсөл ямар дам болон шууд нөлөөлөл үзүүлж болох талаар өргөн хүрээнд ярилцсанаараа онцлог байв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Болдод модератор хуульч Б.Баяр нь МБЗ-ийн анхдугаар чуулганаас боловсруулсан хувийн хэвшилд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам бүхий бодлогын зөвлөмжийг гардуулав. Хувийн хэвшил нь нийгмийн бодлогын бас нэгэн тодорхойлогч болж идэвхтэй хамтран ажиллах боломжтой гэдгийг уламжиллаа.
Мөн уулзалтаар МБЗ-ийн Хууль зүйн ажлын хэсгээс УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэхээр өргөн баригдсан 17 хуулийн төслөөс 8 хуулийн төсөл дээр боловсруулсан ерөнхий дүгнэлтээ танилцуулж, цаашид судлах хэрэгтэй зарим нэг зохицуулалтын талаар гишүүддээ мэдээлэл хүргүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ