Оффшорчдыг одоо яах вэ, та минь ээ?

Ерөнхийлөгч оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан энэ оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг “сануулсан”.

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэнэ хэмээсэн. Гэтэл одоо оффшорчдод олгосон дээрх хугацаа дууссан бөгөөд байдал хэвээрээ л байна. Оффшорчдын хэн нь ч мөнгөө татаж оруулж ирсэнгүй.

Оффшор бүсэд Монголын хэдий хэмжээний хөрөнгө байршдаг нь тодорхой бус. Гэхдээ 1990-2015 оны хооронд Монгол улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа бий. Одоо ч манай улсад хууль ёсоор бүртгэгдэн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж буй оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байгаа аж.

1990 оноос хойш Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч, эдгээр компанийн хувьцаа эзэмших иргэдийн тоо өссөөр буй. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурсан.

Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн нь оффшорчдод хөрөнгөө гадны банкуудад нуух боломж “олгосон”. Угтаа төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү, амраг садан нь оффшорт данстай байж болохгүй гэсэн хуулийн заалт нь жинхэнэ утгаараа тэдний хөл гарыг боомилсон маш сайн хууль болох нь гарцаагүй юм. Олон нийтийн зүгээс “Төр, засгийн өндөр дээд албанд байсан, одоо байгаа хүмүүс болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ах дүү нарынхаа нэр дээр гадаадад нуучихаад байгаа их мөнгийг зайлшгүй оруулж ирэх учиртай. Харин хууль бусаар олоод, гадаадад нуучихсан мөнгийг бол эзэнтэй нь хариуцлага тооцоод улсын орлого болгох ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.

Ерөнхийлөгчийн хувьд оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч, өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллах хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ ,оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг татварын ил тод байдал Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвтөй буй.

Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байдаг. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэхийг Засгийн газарт анхааруулсан билээ.

Ерөнхийлөгчийн оффшорчдод өгч буй 49 хоногийн хугацаа хэдийнэ дуусчихлаа. Нэг ч хүн мөнгөө оруулж ирсэнгүй. Харин одоо ямар хариуцлага тооцох вэ..?

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ