Багш нарын цаана "муур багш" нар байна уу?


Багш гэдэг нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба. Гэтэл нандин сайхан алба маань хамгийн хэцүү, тарчиг "нандин бус" ажил болсон бололтой юм. Бүгчим шахам ангид 50-60 хүүхэдтэй өглөөнөөс үдэш хүртэл бужигнах багш нар бол Монголын ирээдүйг бэлтгэгчид. Ирээдүйн эдийн засагч, эрдэмтэн, эмч, инженер гээд улс орны хувь заяаг чиглүүлэн авч явах хүмүүсийг бэлтгэх маш чухал хүмүүс бол багш нар.
Гэтэл ардын багш нар маань ажил хаялт зарлах шийдвэрээсээ ухрахгүй гэнэ. Тэд цалингаа нэмүүлэхийг Засгийн газраас шаардсан. Багш нарын үндсэн цалин ажилласан жилээсээ хамаарч сарын 535-650 мянган төгрөг байдаг гэнэ. Монголын хойч ирээдүйг сурган хүмүүжүүлж, боловсрол олгож буй багш нарын ахуй амьдрал үнэхээр тарчиг байна.
Ийнхүү багш нарт Засгийн газар шаардлагын хариуг өгөөгүй тул ажил хаялт зохион байгуулах гэж буйгаа өчигдөр мэдэгдсэн. Тэд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг энэ сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээсээр тэвчээр нь барагдсан аж.
Тухайлбал, "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Бат-Эрдэнэ "Бид сануулах ажил хаялтыг есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд хийнэ. Засгийн газар бидний шаардлагад хариу өгөөгүй тул цалингаа нэмүүлэхийн тулд зогсолтгүй тэмцэнэ. Ажил хаялтад ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хамрагдана. Одоогоор бүх сургуулиуд дор дороо хурал зохион байгуулж, ажил хаялтад оролцох мэдээллээ нэгтгэж өгнө. Засгийн газраас багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал ажил хаяхгүй" гэсэн юм.
Багш нарын ажиллах нөхцөл хүнд байгаа нь үнэн. Нэг багшид 35 хүүхэд оногдох стандарттай байтал өнөөдөр 50 гаруй хүүхдэд хичээл зааж байна. Ийм байхад хичээлийн хоцрогдол хэзээ ч арилахгүй.
Гэхдээ болж буй зүйлсийг тунгаагаад үзвэл боловсролын салбар “болохгүй” болчихож. Тухайлбал, БССШУЯ-ны сайд асан Ж.Батсуурийг гэнэтхэн л Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө огцруулсан. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн Засгийн газарт байсан ганц туршлагатай "гайгүй" сайдаа гэнэтхэн халчихсан нь гайхшрал төрүүлж байсан юм. БССШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан "мисс" хүүхэн Б.Баярсайхан нь одоог хүртэл шүүхээр ялалт байгуулсаар буй.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсан асуудал байна. Энэ бол дэндүү хариуцлагагүй бөгөөд 40 мянган хүүхдийн ирээдүйн амьдралтай холбоотой асуудал байсан. Гэхдээ энэ асуудал бол гээндээ ч бий, гоондоо ч бий л байх. Энэ бүгд боловсролын салбарт бодлого биш улс төр яваад байгааг харуулсаар байна.
Багш нарын хувьд цалингаа нэмүүлэхээр дуу хоолойгоо нэгтгэж байгааг буруутгах аргаагүй. Гэхдээ яг улс төрийн ороо бусгаа цаг үед, ОУВС биднийгээ арай хаячихаагүй байгаа гэх эдийн засгийн эмзэг ирэн дээр нь цалингаа 1.6 сая төгрөг болгоно, ажил хаялт зарлана гэх мэтээр гэнэт л “улайран” зүтгэж буй нь тэдний цаана улстөрчид хэмээх “муур багш нар" байгаа юм биш биз? гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Угтаа багш хүн бол сурагчиддаа үлгэрлэж, бодит жишээ нь болох цорын ганц хүн. Гэтэл ардын багш маань ажлаа хаяна гэж “тэмцэх” нь хэр зөв үлгэрлэл вэ? Энэ нь сурагчдын хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ.. зэрэг асуудлыг хаа хаанаа л бодолцох ёстой баймаар. Ядаж эрүүл мэндийн салбар, боловсролын салбараа улстөрчид хэмээх "муур багш нар"-аар самруулмааргүй л байна даа...
Г. Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ