Сэрэмжлүүлэг: Гол усны ослоор 98 хүн амиа алджээ


Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гаргасан мэдээллээр улсын хэмжээнд гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байсан аж. Эдгээр золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ.
Түүнээс хойш нэг сар ч болоогүй байхад усанд осолдож амиа алдсан хүний тоо долоогоор нэмэгдсэн нь харамсалтай. Өнгөрсөн сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангийн гурван алба хаагч Ховд голд осолдсон харамсалтай хэрэг гарсан. Тэд өнгөрсөн хаврын цэрэг татлагаар Увс аймгаас татагдан, тус цэргийн ангид хуваарилагдсан Б, Е, С нар байжээ. Цэргүүдийн цогцсыг гурав хоногийн турш нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэйгээр эрэн хайсны эцэст осолдсон газраас нь 80-200 метр зайтай, 3-5 метр гүнээс олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байдаг.
Энэ сарын 3-нд Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Овооны булан” гэдэг газар Тамир голын усанд тус сумын харъяат, 53 настай, эрэгтэй осолдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр, аймгийн Цагдаагийн газрын таван алба, хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 21:55 цагт уснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Мөн Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Хөх толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 0.4 км-т/ тус сумын харьяат, 47 настай, эрэгтэй Б “Ховд” голын усанд осолдсон байна. Тус дуудлагыг есдүгээр сарын 9-ний өдрийн 18:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, ар гэрийнхэн нь, нэмэлт дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нийт 30 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж эхэлжээ. Бүтэн найм хоног эрэн хайсны эцэст энэ сарын 17-ны өдрийн 09:15 цагт ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Одоогоор хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 28 км-т/ 33 настай, эрэгтэй С осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 36 иргэн долоон морь, таван мотоцикльтой, нийт 49 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг дөрөв дэх өдрөө зохион байгуулж буй юм байна. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ энэ сарын 16-нд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны харьяат, 32 настай, эрэгтэй М загасчилж яваад “Орхон” голын усанд осолджээ. Дуудлагыг тус өдрийн 16:16 цагт хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагч, ар гэрийн таван иргэн, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй юм байна. Уржигдар л гэхэд усаар 53 км, явганаар 65 км эрэн хайж, хоёр удаа гүний шумбалт хийсэн ч цогцсыг нь олж чадаагүй байгаа аж.
Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед анги хамт олноороо салхинд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг гол устай газруудад зохион байгуулах, аялж зугаалах байдал нэмэгдсэн. Иймд иргэд та бүхэнд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байхыг сануулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж, гол усанд унах, осолдох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ