Шүлэнгэтэж явах хооронд шүлхий гаарсаар л байна!

Өнөөдөр улс орны хэмжээнд тулгамдсан олон асуудлууд ар араасаа хөвөрсөөр. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, жил бүр ярьдаг утаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хот тойрсон малын гоц халдварт шүлхий өвчин гээд тоочоод байвал тулгамдсан маш олон асуудал байна. Үүнээс бид шүлхий өвчний асуудлыг онцоллоо.

Нийслэлийн төсвөөс тэрбум орчим төгрөг зарлагадаж тэмцсэн шүлхий хүрээгээ улам тэлсээр байна. Тодруулбал, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2017 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум зэрэг гурван аймгийн 21 суманд оношлогдож, хорио цээрийн дэглэмтэй байсан. Гэтэл энэ өвчин төд удалгүй нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

Улмаар “Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хорооны нутаг дэвсэрт долдугаар сарын 23-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, тус дүүргийн 1 дүгээр голомтын бүсийг 22 дугаар хорооны “Баянголын ам”-д,2 дугаар голомтын бүсийг 1 дүгээр хорооны “Халзангийн ам”-д тус тус тогтоосон. Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 39 хоногийн хугацаанд 30 өрхийн 168 үхрийг зориудаар устгаж, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Гэтэл шүлхий улам хүрээгээ тэлж, тархац нь газар авсаар.

Засгийн газар огцроод багагүй хугацаа өнгөрлөө. Үндсэн хуульд Ерөнхий сайд огцорсон бол Ерөнхий сайд, үүрэг гүйцэтгэгчийг томилох заалттай. Явах хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд ярьдаг. Нэгэнт огцорсон Ерөнхий сайдаар Засгийн газрын ачааг үүрүүлж явах нь зохимжтой зүйл биш. Тиймээс Засгийн газрыг байгуулах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл рүү анхаарахгүй бол шүлхий газар авлаа. Улаанбаатар хотыг тойрсон шүлхийн бүс цагариг үүсгэх хэмжээнд хүрээд байна. Шүлхийн тархац тэлж байгаа нь манай улсын хувьд ноцтой асуудал үүсгэх юм. Үүнийг Засгийн газар яаравчлан анхааралдаа авах шаардлага байна. Улсын хүн амын 50 гаруй хувь нь амьдардаг нийслэл хотын хувьд энэ нь анхаарал хандуулах асуудал мөнөөсөө мөн.

Малын гоц халдварт өвчнөөс болж гадаад улс орнууд цэрвэж, хил гаалийн шалгалтаа чангатгажээ. БНСУ гэхэд МИАТ,“Кореан эйр”компанийн онгоцноос буусан зорчигчдыг нарийвчланшалгаж, тээш бүрт шар цоож зүүгээд оруулдаг болжээ. Инчионы нисэх буудал дахь гаалийн ажилтнууд Монгол “шошго”-той болгоныг хурааж эхэлсэн байна. Өмнө нь хагас болон бүрэн боловсруулсан, вакумдаж савласан бүтээгдэхүүнийг хураалгүй оруулчихдаг байсан солонгосчууд энэ удаад лаазалсан бүтээгдэхүүнийг ч үлдээхгүй хурааж буй талаар БНСУ-ыг зорьсон иргэд хэллээ

Мөн гадны улс орнуудыг зоригсод нутгаа санасан ахан дүүстээ зорин авч очдог цөөн бүтээгдэхүүн бий. Хорхой ааруул, борц, хиам, жигнэсэн мах гэхчилэн зөвхөн Монголд л үйлдвэрлэдэг, Монголын брэнд болсон бүтээгдэхүүнүүд Солонгосын гааль дээр бөөн бөөнөөрөө хураагдан хогийн сав руу шидэгдэж байна. Тус улсын гаалийн ажилтнууд “Монголд малын гоц халдварт өвчин гарсан учраас махан бүтээгдэхүүн оруулахыг хатуу хориглосон” гэсэн тайлбар өгчээ. Үүнээс харахад Монголын нэр хүнд шороотой “хутгалдаж” дууслаа.

Энэ байдлыг мэдэж байгаа дарга, сайд, эрх мэдэлтнүүд байна уу гэдгийг асуумаар байна. Нийслэлийн үүд хаалга болсон Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт шүлхий өвчин гарч, манай улсад ирэх гадаадын жуулчид айдас түгшүүр тээж байна.

Тийм учраас улстөрчид суудлаа “булаацалдаж”, бялуундаа “шүлэнгэтэх”-ээ азнаад засгаа бүрдүүлж, асуудлаа яаравчлан шийдвэрлэх хэрэгтэй байна!

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ