МҮЭ хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ зарлалаа

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2017.09.20/ Хөдөлмөр, нийгмийн зөрчлийн гурван талт хөдөлмөрийн хамтын маргааныг улсын хэмжээнд эхлүүлж байгаа тухай зарлалаа.

Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлсэн талаараа 'Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй олон сар өнгөрч байгаа учраас уг хамтын маргааныг зайлшгүй эхлүүлэх шаардлагатай тулгарсан' гэдгийг тус холбооны зүгээс онцлов.

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхий зөвлөл өчигдөр /2017.09.19/ хуралдаж, ийм шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэлэлцэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь, Засгийн газар Олон улсын валютын сантай 2019 он хүртэл цалин нэмэхгүй гэсэн нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Өнөөдөр улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд байгаа ч Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах Үндсэн хуулийн заалттай. Монгол Улсын Засгийн газар үүргээ биелүүлээгүй учраас хариуцлагаа хүлээх ёстой. Багш нар өөрсдийн хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө эрхээ эдэлж, эсэргүүцлээ илэрхийлж байна Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхдээ 21 аймаг дахь үйлдвэрчний эвлэлийн нийт 36 эвлэлийн холбоо хуралдаж байж, ийм шийдвэр гаргасан” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ