Монголын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж байна


АТГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сургалтыг есдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн зөвлөх Роел Жансенс, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Женифер Брачнер, Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний мэргэжилтэн Эрнесто Андрес Гранадос Гозалис нарын олон улсын төлөөлөгчид Монголын прокурор, мөрдөн байцаагч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж буй юм.
Уг сургалтыг нээж Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал үг хэлэв. Тэрбээр “Асар хурдацтай хөгжил дэвшил, даяаршлын энэ үед аливаа улс орон ганцаараа орших боломжгүйн адил нэг улс дангаараа авлигатай бүрэн тэмцэж чадахгүй. Тиймээс ямар ч орны авлигатай тэмцэх байгууллага нь олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, гаднын улс орны сайн туршлагаас судалж, хэрэгцээт зүйлийг олж, өөрсдийн ажил албандаа авч хэрэгжүүлж байх нь чухал” хэмээн онцлов.

Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Женифер Брачнер “Монгол Улсын хувьд төрийн албан хаагчийн гадаад оронд оффшор данс, компани эзэмшихийг хориглох чиглэлд нэлээд ахицтай ажиллаж байна гэж дүгнэлээ. Цаашлаад залилангийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа чиглэлээр Их Британийн туршлагыг судална. Мөнгө угаах нь нарийн түвэгтэй бөгөөд нэг улс дангаараа тэмцээд дийлэхгүй явдал. Олон улсын төдийгүй олон талын хамтын ажиллагаа байдаг учраас прокурор, Авлигатай тэмцэх газар болон цагдаа, мөн Төвбанкны албан хаагчдад энэ сургалтыг зориулж байна” гэв.

Энэ үеэр манай улсын төлөөлөгч Монголын 20 гаруй иргэнийг интерполоор эрэн сурвалжилж буй бөгөөд тэдгээрийн 4-6 нь улаан шугамд багтсан талаар товч мэдээлэл өгөв. Дашрамд дурдахад, дэлхийн 190 гаруй орныг нэгтгэсэн Интерполын Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ байгууллага нь кибер гэмт хэрэг, терроризм, шинээр бий болж буй гэмт хэрэг гэсэн стратегийн тэргүүлэх гурван чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн дэлхий нийтийн өмнө тулгамдсан хар тамхи болон хүн худалдаалах, кибер гэмт хэргийн эсрэг эрчимтэйгээр тэмцдэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ