Хүрээлэн бүрэн эрхт олон улсын байгууллага боллоо


Тус байгууллагын гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг тэмдэглэх ёслолын ажиллагаа БНХАУ-ын Шинжян-Уйгурын өөртөө засах орны нийслэл Өрөмч хотод есдүгээр сарын 7-нд амжилттай болж өнгөрлөө.
Ёслолын ажиллагаанд Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао, БНХАУ-ын Сангийн сайд Сяо Жие болон гишүүн орнуудын сайд, дэд сайд оролцсон 130 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Мөн энэ үеэр Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ажилладаг судалгааны төвүүдийн хоёрдугаар чуулга уулзалт болж эдгээр байгууллагуудыг холбосон нэгдсэн сүлжээ байгуулагдсан байна. Нийт 25 орныг хамарсан уг сүлжээнд Монгол улсаас оролцсон гурван байгууллага багтаж байна.
Тус Хүрээлэн нь Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (ТАЭЗХА)-ны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн мэдлэгийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор анх 2009 онд виртуаль хэлбэрээр байгуулагдаж улмаар 2015 онд Өрөмч хотод байрлах болсон юм. Одоо хүрээлэнгийн захирлаар Монгол Улсын иргэн С.Баяраа ажиллаж байна.
ТАЭЗХА-ны хөтөлбөрийг 1997 онд Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санаачлагаар Төв Азийн улс орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулсан бөгөөд өнөөгийн байдлаар Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизулс, Монгол, Пакистан, Таджикистан, Түркменистан, Узбекистан гэсэн 11 гишүүн улс бүрэлдэхүүнд нь багтдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ