Монголчууд аа тариаланчиддаа туслаж талхаа бэлдэе!


Хахир хатуу өвөл цаг айсуй. Үүнтэй холбоотойгоор одоо хүн бүр өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарч, базааж буй үе. Энэ жил урьдчилсан төлвөөр 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авах тооцоо гарчээ.
Хаврын тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авсны үр дүнд 13 аймгийн84 сумын 1198 аж ахуйн нэгж, иргэдийн 366.9 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, тухайн үед нийт тариалсан талбайн 75.5 хувь нь соёололт сайн гэсэн үнэлгээ авч байжээ. Гэвч тавдугаар сарын 20-ноос 7 сарын 10-ныг хүртэл тариалангийн ихэнх бүс нутгаар нийт 40-50 хоног, зарим бүс нутгуудад долдугаар сарын 28-ныг хүртэл 50-60 хоног огт хур тунадас ороогүй, улмаар ихэнх бүс нутгаар агаарын температур 32-41 хэмд хүрч 3-4 удаагийн давтамжтай, 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, улмаар ургацын хэмжээг үлэмж бууруулах гол шалтгаан болсон аж.
Тариаланчдын ийм хэцүү үед тус дэм болж байгаа үйл явц ер ажиглагдахгүй байгаа. Тэд одоо ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг ургасан жаахан будаагаа цасанд даруулчихгүйн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Мартагдашгүй намрын дурсамжаар намрыг дурсдаг энэ л үед тариаланчид маань бас байгалийн эрсдэлтэй, хэцүү, намруудыг “мартдаггүй” юм шүү гэдгийг сануулж хэлмээр санагдав.
Энэ жил нийт ургацын 48 хувийг алдаж мэдэхээр байна гэж салбар яамнаас мэдэгдсэн. Ирэх өдрүүдэд нойтон цас унах төлөвтэй байгаа тул илүү ихийг алдаж мэднэ хэмээн анхааруулсан. Тиймээс ОХУ-аас 160 мянган тонн буудай импортлохоор болсон юм. Цаашид ч багагүй хэмжээний хур, нойтон цас унах төлөвтэй байгаа учир 48 хувь гэдэг тоо хэд болж өөрчлөгдөхийг таашгүй, ургацаа бүрэн хурааж дууссаны дараа л тодорхой болох байх.
Ямартай ч төр засаг, хувийн хэвшлийнхэн, оюутан залуучууд тариа будаагаа цасанд даруулчихгүйн төлөө зүтгэж буй тариаланчиддаа туслах боломжтой хэсэг нь санаачлагатайгаар нэгдэе. Тийм ээ, Монголчуудаа тариаланчиддаа тусалж талхаа бэлдэцгээвэл ямар вэ.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ